Э.Батшугар: Иргэний D.Parliament сайтад гаргасан санал 100 мянган хүний дэмжлэг авбал УИХ дээр шууд хэлэлцэж эхэлнэ /ВИДЕО/

Э.Батшугар: Иргэний D.Parliament сайтад гаргасан санал 100 мянган хүний дэмжлэг авбал УИХ дээр шууд хэлэлцэж эхэлнэ /ВИДЕО/

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугараас цаг үеийн зарим асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

ВИДЕО:

-ИРГЭНИЙ ГАРГАСАН САНАЛ 100 МЯНГАН ХҮНИЙ ДЭМЖЛЭГ АВБАЛ УИХ ДЭЭР ШУУД ХЭЛЭЛЦДЭГ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ-

-Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос D.Parliament вэб сайтад цэс нэмж, шинэчлэл хийж байгаа гэсэн. Тодруулбал, иргэд тус сайтад хандан санал, шүүмж гаргаж түүнийг нь УИХ хүлээж авах боломжийг нээсэн гэж ойлгосон. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-D.Parliament вэб сайт болон гар утасны аппликейшнд модуль нэмж байршуулж байна. Энэ модуль дээр дарж өөрийн санал, шүүмжийг гаргаж болно. Ганц жишээ хэлэхэд, өнгөрсөн жил Солонгост амьдардаг монгол охин ангийнхандаа дээрэлхүүлж, дарамтлуулсан хэрэг гарсан. Гэтэл тус хүчирхийллийн хэргийг хуулийн байгууллага шалгахгүй удаж, "дарах" шахсан. Харин яг энэ үед нь иргэд санал гаргаж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарт нь хандсан. Нийт 100 мянган иргэн санал гаргасан учир тус хэргийг дахин сэргээж, буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн. Хэрвээ иргэд санал гаргаагүй бол тус хэрэг дарагдаж монгол охины эрх ашиг хөндөгдөх байсан. Тэгвэл яг энэ хэлбэрээр санал авах боломжийг D.Parliament сайтад нээж өгсөн. Иргэд УИХ-ын үйл ажиллагаа болон бусад асуудлаар чөлөөтэй саналаа илэрхийлж болох юм. Хэрвээ тухайн иргэний санал 100 хүний дэмжлэг авах юм бол дараагийн шатанд оруулж УИХ-ын тамгын газраас эрхзүйн болон техникийн туслалцаа үзүүлнэ. Тус иргэнтэй уулзаж мэдээлэл, чиглэл өгнө. Харин тухайн санал 33 мянган иргэний дэмжлэг авбал УИХ-аас ажлын хэсэг гаргана. Хэрвээ 70 мянган хүний дэмжлэг авбал тухайн саналыг холбогдох байнгын хорооноос хянан шалгах юм. Эцэст нь 100 мянган иргэний саналыг дэмжлэг авбал тухайн хандсан асуудлыг УИХ дээр шууд хэлэлцэж эхэлнэ. 

Энэ бол ард иргэдийн оролцоог парламенттай илүү ойртуулж түүнийг нь цахимаар шийдэж байна гэсэн үг. 

-Нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох ажлыг Засгийн газраас зохион байгуулсан. Гэтэл зарим хүүхдийн мэдээллийг өөрчилж энэ нь иргэдийн бухимдлыг хүргэн шүүмжлэл дагуулсан. "Цахим үндэстэн" гэж зарлачхаад хүүхдийн мөнгөө будилуулахгүй олгож чадсангүй. Алдаа хаана гарсан цаашид юуг, яаж засах шаардлагатай  гэж та дүгнэсэн бэ?

-Манай улсын төрийн байгууллагуудын мэдээлэл уялдаа холбоогүй гэдэг нь мэдэгдсэн. И Монголиа өгсөн өгөгдлийг ил болгосон. Цахим үндэстэн болно гэдэг уриалга гаргасан энэ үед ийм алдаа гарсан нь биднийг илүү сайн ажиллах шаардлагатайг харуулж байна. Том датад суурилж дараагийн дүгнэлтээ хийх нь зөв. Хүүхдийг хаана бүртгэсэн талаарх мэдээллийг Улсын бүртгэлээс аваагүй байсан. Угтаа Улсын бүртгэлд бүх мэдээлэл бий шүү дээ. 

Намайг л гэхэд охингүй гэх мэдээлэл гарч ирж байсан. Уг нь надаар овоглосон охин бий. Тэгэхээр хаягжилтаар бүртгэл хийсэн байсан. Цаашид бид дотооддоо мэдээллээ маш хурдан засахаар ажиллана. Засах бүрэн боломж ч бий. 

-Сүүлийн үед койны асуудал нийгэмд анхаарал татаж, худалдан авсан иргэд нь хохирсон тухайгаа мэдэгдэж эхэллээ. Үүнд хууль эрхзүйн орчин байхгүй нь ч нөлөөлж байх шиг байна. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд ямар харилцааг үүсгэх ёстой гэж та харж байгаа вэ?

-Виртуал хөрөнгийн тухайд хамгийн төгс шийдлийг олсон улс орон дэлхийд байхгүй. Монголд 60 гаруй койн гарсан гэсэн мэдээлэл бий. Манай улсын хувьд Виртуал хөрөнгийн тухай хуулиа баталж ямар ч гэсэн хуультай болж, бүртгэдэг болсон.  Хууль гаргахаас өмнө бүртгэлгүй койн гаргасан хүмүүс ч байсан шүү дээ. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал нь биднийг хуулиа илүү чангатгах, хяналт тавих ёстой гэдгийг харууллаа. Учир нь энд их хэмжээний мөнгө эргэлддэг. Тиймээс луйврын үйл ажиллагаа болох хамгийн магадлалтай. 

Хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй залуусын тухайд анхдагч зах зээлд койн гаргаснаас гадна өөрсдөө дахин койн гаргасан юм байна гэж ойлгосон. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээс авсан мэдээллээрээ ярьж байгаа шүү. Энэ бол шууд луйврын шинж чанартай болно. Тэгэхээр койн гаргаж олсон ашгаасаа татвар төлсөн үү цаашид юу хийхээр төлөвлөж байсан бэ зэргийг хууль хяналтын байгууллагууд шалгах байх. Хэрвээ орлогоо шууд хувьдаа ашигласан бол луйвар л болно. 

-ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНШЧИХ ХЭРЭГТЭЙ -

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулсан байна. Тус төсөл нь олон нийтэд ил болж нэлээн шүүмжлэлд өртлөө. Иргэдийн зүгээс "Ардчилсан нийгэм, парламентын ардчилал, хүний эрх, эрх чөлөөнөөс ухарсан" Үндсэн хууль боловсруулсан байна гэж бухимдсан. Та тэр хуулийн төслийн талаар ямар байр, суурьтай байгаа вэ? 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар хувилбараар УИХ-д орж ирэх тухай тодорхой мэдээлэл алга. Юутай ч шинэ Үндсэн хууль боловсруулах захирамжийг Ерөнхий сайд гаргасан. Ажлын хэсгийн ахлагчаар манай аавыг сонгосон. Ардчилсан улсуудын Үндсэн хуулийг судалж байгаад хамгийн зөв хувилбарыг боловсруулсан. Энэ төслөө Элчин сайдын яаманд тараасан нь процессыг ил болгож байна. Эцсийн үр дүндээ парламентын ардчиллыг бэхжүүлэх Үндсэн хуультай болсон. Шүүмжилж байгаа хүмүүс уншаад ойлгочих хэрэгтэй. Аавын боловсруулсан Үндсэн хууль хүн төвтэй Үндсэн хууль болсон. 

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн үү?

-Энэ талаарх мэдээлэл бидэнд ирээгүй байна. 

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.