Хөгжлийн банкны "Нотлох баримтыг шинжлэн судлах" хоёр дахь шатны сонсгол эдгээр өдрүүдэд Төрийн ордонд болж байна. "Нотлох баримтыг шинжлэн судлах" сонсгол нь Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Гэрчийн мэдүүлэг нь цаашид шүүхэд нотлох баримтын шинж чанартай үнэлэгдэнэ" гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сонсголын өмнө тодотгож байсан. Мөн тэрбээр гэрчүүдийг сонсголд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэдгийг ч онцолж буй.
Тэгвэл хоёрдугаар сарын 6 /2023.02.06/-ны өдөр болсон "Нотлох баримтыг шинжлэн судлах" сонсголд гэрчээр оролцсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтэд худал мэдээлэл өгсөн байж болзошгүй байна. Тодруулбал, тэрбээр Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирснээр 624 тэрбум төгрөг төлүүлсэн гэдгийг тодотгож, зарим зээлдэгч нарын хэргийг шүүхэд шилжлүүлж ажилласан хэмээн мэдүүлсэн.
ВИДЕО:
Мөн “Кью Эс Си” ХХК-ыг Н.Мөнхсүх гүйцэтгэх захирлын үед буюу 2020 оны тавдугаар сарын 07-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээжээ. Гэтэл тухайн зээлийг Г.Амартүвшингийн үед буюу Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд шүүхэд өгсөн байх аж.
Мөн “Монгол мах экспо” ХХК-ийн нэхэмжлэлийг 2020 оны зургадугаар сарын 02-нд гаргасан гэж мэдүүлсэн ч тухайн нэхэмжлэл нь 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд Г.Амартүвшин захирлын үед шүүхэд өгч байжээ.
Түүнчлэн Н.Мөнхсүх захирлын үед шүүхэд өгсөн жагсаалтад оруулаад байгаа “НВЦ” ХХК, “Хөтөл” ХХК, “Газ импорт” ХХК, “Пи Си Вай” ХХК-ийн нэхэмжлэлийг ч мөн 2022 онд Н.Мандуул захирлын үед шүүхэд өгсөн байдаг байна. Үүнийг ч Хөгжлийн банкны газрын дарга З.Батырбек онцолсон.
Энэ бүхнээс үзэхэд Ч.Хүрэлбаатар сайд Хөгжлийн банкны "Нотлох баримтыг шинжлэн судлах" сонсголд илтэд худал мэдүүлэг өгч, олон нийтийг төөрөгдүүлсэн бололтой.
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх
1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Шүүхэд нотлох баримтын шинж чанартай үнэлэгдэх сонсголд Ч.Хүрэлбаатар сайд үнэхээр зориудаар худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хариуцлага хүлээж, нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхээ хязгаарлуулж магадгүй байна.