Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргажээ. 

Тэрбээр "УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг "нүүрсний" гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна. Засгийн газрын гишүүн хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй" гэжээ. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт /2023.02.01/ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мөн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэгэхээр тус хоёр хүсэлтийг хаврын чуулган эхэлсний дараа байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх нь.