ШУУРХАЙ: Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ШИЛЖҮҮЛЖЭЭ

ШУУРХАЙ: Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ШИЛЖҮҮЛЖЭЭ

Хөгжлийн банкны хэрэгт холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Улмаар Нийслэлийн прокуророос яллагдагч нарыг өдгөө шүүхэд ирүүлж, хэргийг бүртгэх ажиллагаа явагдаж байгаа. Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нар нэр холбогдож, улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл Нийслэлийн прокуророос Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1.2 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Шүүхээс дээрх гишүүдийг гэм буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүний халдашгүй эрх нь хүчингүй болох бөгөөд Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн ял оногдуулах шүүх хурал болж, процесс үргэлжлэх юм.

Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн хэмээн яллагдагчаар татсан. Харин Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэг, Хөгжлийн банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг АТГ-аас шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь танил талдаа зээл олгож, давуу эрх бий болгосон хэмээн яллагдагчаар татсан байдаг юм. Ямартай ч Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд удахгүй ял сонсох, эс бөгөөс цагаадах эсэх нь тодорхой болох юм.