Ж.Батзанданг "гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан" хэмээн яллагдагчаар татан шалгаж байгаа аж

Ж.Батзанданг "гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан" хэмээн яллагдагчаар татан шалгаж байгаа аж

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг цагдан хорих хугацаа 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дуусаж, шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар шүүхээс шүүхийн шийдвэрийн хураангуй гаргажээ. 

Тодруулбал тус хураангуйд "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Батзанданийг “Улс төрийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд байнга тогтвортой оролцсон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн прокурорын газрын прокуророос ирүүлсэн саналыг үндэслэн яллагдагч Ж.Батзанданд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/231-Я дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Яллагдагч Ж.Батзанданд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын прокурорын саналаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өөрчилж яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэжээ.