-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЭРХ БАРИГЧДАД ҮЙЛЧИЛДЭГ БОЛЖЭЭ-
Өчигдөр Үндсэн Хуулийн Цэц /ҮХЦ/ Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн, мөн Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлосон зэрэг УИХ-ын хоёр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн. Цэцийн эцсийн шийдвэр “Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй. Харин Хэнтийд УИХ-ын нөхөн сонгууль товлосон нь Үндсэн хууль зөрчсөн” гэж шийдвэрлэсэн юм.
Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэхэд, тухайлбал, “Цэцийн байрны гадна болсон “Хүчирхийлэгч УИХ-ын гишүүн буцаж болох эрхгүй” гэсэн лоозонтой эмэгтэйчүүдийн жагсаал нөлөөлсөн байж болзошгүй юм.
Харин тэд “Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуул” гэж шаардаагүй учир, нөгөө “дагуулж тонгорох” гээч л боллоо.
Энэ бол ҮХЦ гэдэг байгууллага эрх баригчдад үйлчилдэг болсоны тод илрэл юм.
-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙ АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ДЭВШИХГҮЙ БАЙХ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨЖ БАЙЖЭЭ-
Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн тов гарч эхэлмэгц, тус тойрогт хэн, хэн нэр дэвших боломжтой тухай мэдээлэл гарч эхэлсэн. Мэдээж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “төрсөн нутаг”-таа дэвших нь гарцаагүй гэцгээж байв. Харин энэ сарын эхээр тэрээр Хэнтий аймагт ажиллаж “Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар дээр нь шийдвэрлэлээ” гэсэн сурталчилгаа маягийн мэдээлэл түүний хэвлэлийн албанаас хэвлэлүүдэд гаргаж эхэлсэн. Тухайлбал, “Хэнтий аймагт шинээр сургууль барина. 3.2 тэрбум төгрөг гаргаж, сумын эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Жаргалтхаан суманд фургон автомашин хүлээлгэж өглөө” зэрэг мэдээлэл юм. Хэрэв Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгууль болсон тохиолдол түүний энэхүү амлалтууд УИХ-ын сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр МАН-ын удирдах зөвлөл болоод Бага хурлаас У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргах төлөвлөгөөтэй байжээ.
Нөгөө нь Хэнтий аймгийн иргэдийг парламентад төлөөлөлтэй болгох гэсэн шахалт иргэдээс гарна. Энэ тохиолдолд Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөлөгдсөн нь үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг ҮХЦ-ээр гаргуулаад түүнийг УИХ-д буцааж суулгах төлөвлөгөө байж. Энэ төлөвлөгөө нь эмэгтэйчүүдийн эсэргүүцэлтэй тулсан учир өчигдөр ҮХЦ дээр дурьдсан шийдвэрийг гаргасан байх талтай юм.
Энэ бүхний цаад шалтгаан нь социологийн тандалт судалгаагаар У.Хүрэлсүхийн рейтинг Хэнтий аймгийн 42-р тойрогт муу, сонгогдох магадлал маш бага байсантай холбоотой ажээ.Ингээд эцэст нь Хэнтийд нөхөн сонгууль хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж цэцээр дүгнэлт гаргуулаад 2020 оны ээлжит сонгууль болтол Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй болгож байна. Харин МАН-ын 27 ын бүлгээс У.Хүрэлсүхийг “дэвшүүлэн зайлуулах” буюу нөхөн сонгуульд нэр дэвшүүлээд ялагдуулах төлөвлөгөөтэй байсан нь мэдээж.
-ХӨӨС ХАГАРЧ У.ХҮРЭЛСҮХ ХӨРСӨНДӨӨ БУУСАН УУ-
Сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “сүржин мэдэгдэл” хийхээс өөр ажил хийхгүй байна гэсэн шүүмж иргэдийн дунд гарах болсон. Учир нь өнөөдөр мах, бензин, валютын ханш өмнө нь байгаагүй өндөр үнэ тогтоод байна. Иймд хэдэн сарын өмнө үндэсний дайсан мэтээр цоллож байсан М.Энхболд нарын 27 гишүүнтэйгээ өнгөрөгч амралтын өдөр уулзжээ.
Тус уулзалтад УИХ-ын дарга асан М.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Билэгт, Ё.Баатарбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа, Д.Оюунхорол тэргүүтэй 10 гаруй гишүүд 27-ын талаас очсон аж.
Уулзалт Батлан хамгаалах яамны харъяа Энхийн төлөө цогцолбор буюу “Бага баян” амралтад болсон бөгөөд одоогийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус уулзалтын зохион байгуулалтыг гардан хийсэн байна.
Уулзалтын үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх“2020 оны УИХ-ын сонгууль миний, чиний тал гэж ялгахгүй. Яг шударгаар нэр дэвшүүлэх хуваарлилтаа хийнэ гэж бодож байгаа” гэсэн нь М.Энхболдын талын гишүүдийг баярлуулжээ. Уулзалтын дараа 27 талын нэр бүхий зарим гишүүд “Ерөнхий сайдын рейтинг буурч байгаа. Сүржин үгийн хөөс хагарч, хөрсөндөө бууж байна даа” гэцгээж байжээ.