Байгуулагдаад САР гаруй болсон компанид цахилгаан станц барих ГАЗАР, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ олгожээ

Байгуулагдаад САР гаруй болсон компанид цахилгаан станц барих ГАЗАР, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ олгожээ

Үүсгэн байгуулагдаад ганцхан сар болсон компанид Хөвсгөл аймгийн төвийн нарны цахилгаан станцын /30 МВт/ эх үүсгүүр барих тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдээлэл байна. Тодруулбал, “Мөрөн солар системс” гэх 2017 оны наймдугаар сарын 08-нд байгуулагдаж, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж байжээ.

Тус компани байгуулагдаад ТАВХАН хоногийн дараа буюу 2017 оны наймдугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станц барих зориулалтаар 90 га газрыг авсан аж. Тухайн газрыг 15 жилийн хугацаатайгаар ашиглах гэрчилгээг Мөрөн сумын газрын албаны дарга Б.Батчулуун олгосон байна.

Хамгийн хачирхалтай нь  Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл 2017 оны наймдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Мөрөнд нарны цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэлийг баталж байх тухайн өдөртэй давхцан “Мөрөн солар системс” ХХК Улсын бүртгэлд бүртгүүлж байжээ.

Байгуулагдаад тав хоногийн дараа газраа авч чадсан компани “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-д хандаж албан тоот явуулжээ /ямар учиртай нь тодорхой бус/. Тус албан тоотын хариу болгож “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-наас 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Мөрөн солар системс” ХХК, эсвэл тухайн хэрэгжих төслийг ч юм уу магтсан утга бүхий албан бичиг илгээжээ.

Ингээд тухайн оны аравдугаар сарын 26-ны өдөр Эрчим хүчний барилга байгууламжын үйл ажиллагааны чиглэлээр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан “Мөрөн солар системс” ХХК-д нарны цахилгаан станцын /30МВт/ эх үүсгүүр барих ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ гурван жилийн хугацаатайгаар Эрчим хүчний зохицуулах хорооны Ерөнхий зохицуулагч А.Тлейхан НӨХӨЖ олгосон нь бүр ч анхаарал татаж байна.

Аливаа төсөл, хөтөлбөрт компанийг сонгон шалгаруулахад ажлын туршлага нь хамгийн гол үзүүлэлтийн нэг байдаг. Гэвч байгуулагдаад ганцхан сар болсон компанид бүхэл бүтэн нэг аймагт нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг олгосон нь цаанаа авлига, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

-“МӨРӨН СОЛАР СИСТЕМС” ХХК ГЭЖ ЯМАР КОМПАНИ ВЭ-

Тус компани 2017 оны наймдугаар сарын 08-ны өдөр Доржготовын Цэрэнбат захиралтайгаар ашгийн төлөө байгууллага хэмээн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Анх үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “гадаад худалдаа” гэж бүртгүүлсэн байх ба Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр туслан эрхлэх үйл ажиллагааны чиглэл байхгүй нэмэлт өөрчлөлт ороогүй байна.

Гэтэл гадаад худалдааны чиглэлээр ажил эрхлэх компанид Эрчим хүчний станц барих тусгай зөвшөөрлийг Х.Тлейхан олгосон нь хачирхалтай. Уг компани нь 2017 оны наймдугаар сард Улсын бүртгэлийн мэдээллийн санд Гэндэнойдов овгийн Доржготовын Цэрэнбат захиралтай гэж бүтгүүлсэн атлаа Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Махбал овогтой Батболдыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна. Тухайн гэрчилгээний үндсэн талд 1 гишүүнтэй ХХК гэсэн байтал Цэрэнбат, Батболд гэсэн хоёр өөр захиралтай явж байгаа нь эрх бүхий улсын бүртгэгч нь ямар санаа зорилго, шалтгаанаар хуурамчаар бүртгэж өгсөн нь хачирхалтай.

Мөн эл компанийн “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-д хандаж албан тоот явуулсан гэх мэдээллээр компанийн захирал А.Итгэл хэмээн тэмдэглэгдсэн байна.