Баянзүрх дүүргийн Прокурорын газраас холбогдогч Дондогийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг хариуцах чадваргүй тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч хуульд заасан хугацаанд хурлыг товлон зарлаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн” буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж Дондогийг яллагдагчаар татсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хохирогчийг тогтоож, хохирогчоос мэдүүлэг аваагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан хэлэлцэх хугацааг 21 хоногоор хойшлуулж, оролцогчийн эрхийг хангаж хохирогчийг тогтоох, түүнээс мэдүүлэг авах ажиллагааг хийлгэх нь хуульд нийцнэ гэж шийдвэрлэв.