Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ бусдад салаавч өгч, доромжилж, дүрс бичлэг хийн тарааж байгаа нь Эрүүгийн хуульд хамаарах ЯЛТАЙ үйлдэл

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ бусдад салаавч өгч, доромжилж, дүрс бичлэг хийн тарааж байгаа нь Эрүүгийн хуульд хамаарах ЯЛТАЙ үйлдэл

"Нүүрсний" хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж, АТГ-аас 17 хүний нэрийг зарлаж, УИХ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, амтай болгон л "нүүрс" ярьсан долоо хоног болж өндөрлөж байна. Харин үүний хажуугаар лайв /Live/-чин гэх Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яам дээр очиж Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяртай уулзаж, бусдын эрх чөлөөг хохироосон нь олон нийтийн сүлжээнд анхаарал татсан үйл явдал байв.

-Д.МӨНХ-ЭРДЭНЭД ДОРОМЖЛУУЛЖ, ХАРААЛГАХ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХУУЛИАР ХАМГААЛЖ ӨГСНИЙГ ЛАЙВЧИН ӨӨРӨӨ МЭДДЭГ ҮҮ -

Учир нь Д.Мөнх-Эрдэнэ энэ үеэрээ төрийн алба хаагчидтай зүй бус харьцаж, тэднийг үгийн муугаар харааж зүхсэн нь төрийн алба хаагчдын нэр хүнд ийм болтлоо унаж, “хэл ам”-нд орчуул ажлаасаа халагдана гэх айдас нь төрийн албанд ажилладаг иргэдийг “номхон, ноомой” болгочихсон уу гэж дүгнэхэд хүргэж байна. Учир нь төрийн албанд ажилладаггүй, олны танил биш иргэнтэй лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ингэж харьцвал түүнд доромжлуулаад зүгээр зогсох жирийн иргэн ховор.

ВИДЕО: 

Харин Д.Мөнх-Эрдэнэ дүрс бичлэг хийх үеэрээ Гадаад харилцааны яам дээр ажиллаж буй төрийн алба хаагчдыг “гөлөгнүүд, бааснууд, боолууд, үе удмаараа чи ла*ар амьдарна. Н.Анхбаярын улыг нь долоож, сөгдөж амьдраарай. Төрийн хувцас өмсчхөөд манаач хийгээд п*-нууд” зэргээр харааж зүхнэ. Мөн тэрээр, “Монголын залуучуудаа Н.Анхбаяр шиг гөлгийг 50 мянган долларт сургачхаад энэ муу боолуудаар хамгаалуулаад байж байхыг хүлээн зөвшөөрөх юм уу” хэмээн бусдыг өдөөн турхирна.

Гэтэл түүнд үгийн муугаар хараалгах төрийн алба хаагчдын ихэнх нь хариу үг дуугарахгүй түүнд доромжлуулаад, чимээгүй зогсоно. 

Тэгвэл лайвчин гэх Д.Мөнх-Эрдэнийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг Үндсэн хуулийн 16.16-аар олгосон ч, түүнд доромжлуулж буй иргэдийг эрх, чөлөөг мөн хуулийн 17.2, 19.3-д тодорхой зааж, хамгаалж өгсөн байдгийг тэрээр мэддэггүй бололтой. Учир нь Үндсэн хуулийн 17.2-д “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 19.3-д, “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ДҮРС БИЧЛЭГ ХИЙЖ ДАМЖУУЛАХ НЬ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГАТАЙ Ч ТӨРИЙН АЛБА АЛБАНЫХАН ХУУЛИЙН ЭНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА-

Мөн нөгөө талаар нийгмийн хэв журам зөрчигдөж байхад шаардлагатай арга хэмжээг авах, таслан зогсоох шийдэл төрийн алба хаагчдад алга. Учир нь лайвчин Д.Мөнх-Эрдэнэ хаа таарсан газраа дүрс бичлэг хийж, хийсэн бичлэгээ олон нийтэд тараах нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах; 1-д "Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Товчхондоо, ГХЯ дээр болсон үйлдлээс харвал оршин суугч нь гэдэг ажлын байрандаа байгаа төрийн алба хаагчдын хэлэх юм. Энэ утгаараа лайвчин Д.Мөнх-Эрдэнэ Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байж болзошгүй байгаа. Гэтэл түүнтэй харилцаж буй төрийн алба хаагчид хуулийн энэ зохицуулалтыг мэдэхгүй байгаа мэт харагдана.

Энэ бүхний дараа Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг чирч гулдран “Талбай явъя” хэмээн түүний биед халдаж буй дүрс бичлэг нь олон нийтийн сүлжээнд тарсан. Энэ нь төрд ажиллаж буй иргэдийн олны хэл амнаас болгоомжилсон эмзэг байдлыг нь далимдуулж дүрс бичлэг хийж, өөрийн хүслээ биелүүлж болно гэх муу жишиг тогтож байна уу гэх бодлыг төрүүлж байгаа юм. Эсвэл Д.Мөнх-Эрдэнийн хууль бус энэ мэт үйлдлийг өөгшүүлж, хамгаалж улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг нөлөө бүхий албан тушаалтан байдаг юм биш биз!