Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эрх мэдэлтнүүд хахуулийн мөнгөөрөө гаднын улс орнуудад тансаг зэрэглэлийн байр, хаус худалдан авч мөнгө угаах тохиолдол бий. Үүнийг ч хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоох болсон. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид энэ онд гадаад улс орнуудаас 12.2 сая ам.долларыг эх орондоо буцаан авч иржээ.
Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж олсон хөрөнгөөрөө АНУ-ын Нью-Йорк, Сиатл хотуудад худалдан авсан тансаг зэрэглэлийн орон сууцуудыг АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоосон бөгөөд уг хууль бус үйлдлийг нь шүүхээр эцэслэж, 2022 онд уг хөрөнгө буюу 13.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон байна.
-С.БАЯР, Ч.ДАВААНЯМ НАРЫН АНУ ДАХЬ ХАУСНУУДЫГ ХУРААЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХЭЭС ГАРГАЖЭЭ-
Хэргийн талаар эргэн сануулахад, С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Оюу толгойн" ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж найз Ч.Даваанямын хувь эзэмшдэг “Петровис трейдинг” ХХК-ийг "Оюутолгой" ХХК-тай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулж, 418,385,173,982.34 /дөрвөн зуун арван найман тэрбум, гурван зуун наян таван сая, нэг зуун далан гурван мянга, есөн зуун наян хоёр төгрөг гучин дөрөв/ төгрөгийн орлого олох боломжийг олгож, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан байдаг.
Улмаар бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор АНУ-руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-ын Нью-Йорк, Сиатл хотуудад дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нийт 11 сая 643 мянган ам.доллароор худалдан авчээ.
Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын банкан дахь өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар авч, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноож нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх. Мөн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 444 мянга 637 төгрөг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий АНУ-ын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж улсын орлого болгох шийдвэрлэсэн байдаг юм.
-1,6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ АТГ-ЫН МӨРДӨГЧИД ЭХ ОРОНДОО АВЧ ИРЖЭЭ-
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр нар нь Британийн Виржиний арлуудад дараах хаягт байрлалтай орон сууц, хаусыг худалдан авсан байжээ.
Үүнд:
- Вашингтон мужийн Сиэтл хотын Квин Энн дүүрэг байрлах орон сууцыг 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 635.000 ам доллараар худалдан авч, 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 439.000 ам доллараар худалдсан,
- Охин Б.Нандин нь Нью-Йорк мужийн 16W.19th St, Unit 10-B, Flatron, 10011 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 895.000 ам.доллараар худалдан авч, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1.092.500 ам.доллараар худалдсан,
- Эхнэр Э.Сувд, найз Ч.Давааням, С.Шагдардулам нар нь 4516 NE 38th Street, Seattle-University district, WA98105 хаягт бүртгэлтэй байшинг 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1.290.000 ам доллараар худалдан авч, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гүндэл” ХХК-д бэлэглэлээр өгснийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.488.000 ам.доллараар худалдсан,
- Найз Ч.Давааням нь АНУ-ын Сиэтл хотын 6539SW 41st Ave, Avenue WA 98136 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 995.000 ам.доллараар худалдан авч, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр О.Гэрэлтуяад бэлэглэлээр өгснийг 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 655.000 ам доллараар худалдсан,
- Ч.Давааням, С.Шагдардулам нар нь АНУ-ын Сиэтл хотын 1706 NDexter AvenueA Seattle, WA98109 хаягт бүртгэлтэй орон сууцыг 409.000 ам.доллараар худалдан авч, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өдөр “Вода” ХХК-д 0 ам.доллараар өгснийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 480.000 ам.доллараар худалдсан,
- “Nebo” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Steven D Smith 9125 Ne 15th st8 Clyde Hill, WA98004 хаягт бүртгэлтэй орон сууцыг 3.853.000 ам.доллараар худалдан авч, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 4.250.000 ам.доллараар худалдсан,
- Ч.Давааням нь Америкийн Нэгдсэн Улсын 21310 55th Ave Se Woodinville, WA 98072 хаягт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 882.400 ам доллараар худалдаж, мөнгө угаасан байжээ.
Тиймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 395 дугаартай тогтоолоор 2.2 тэрбум төгрөгийн буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлсэн байсныг АТГ-ын мөрдөгчид энэ онд эх орондоо авч ирсэн байна.