БОАЖЯ-НЫ ГАДНА ЖАГСАГЧИД: Улаанбаатараас 10 дахин том талбайг Б.Чойжилсүрэн ганцаар эзэмшиж байна

БОАЖЯ-НЫ ГАДНА ЖАГСАГЧИД: Улаанбаатараас 10 дахин том талбайг Б.Чойжилсүрэн ганцаар эзэмшиж байна

Яг одоо /2019.05.27/ Байгаль орчин аялал жуулчлалын яамны гадна иргэд Н.Цэрэнбат сайдыг огцрохыг шаардан жагсаж байна. Тэд хариуцлагагүй уул уурхай болон уул уурхайгаас хувьдаа ашиг олж, байгаль орчин сүйтгэж буй эрх мэдэлтнүүдийг нуун дарагдуулж буй сайд Н.Цэрэнбатыг хариуцлагаа ухамсарлан огцрохыг шаардаж буй. Тэдний барьсан уриа лоозон дунд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат кабинетийнхээ сайд байсан Б.Чойжилсүрэнд 43 мянган га газрыг бэлэглэж, Тост тосон бумбын нурууг үгүй хийж байгаа тухай бичжээ.

УЛААНБААТАРААС 10 ДАХИН ТОМ ТАЛБАЙГ Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГАНЦААРАА ЭЗЭМШЧИХЭЭД, БҮХ ОРЛОГОО ГАНЦААРАА АВЧ БАЙНА

Жагсагчид хэлэхдээ “Зөвшөөрөлгүй уурхай биш, хуулийн дагуу зөвшөөрөл авсан. Гэхдээ “Сауд гоби коэл транс” компани хайгуулын тусгай зөвшөөрөл авахаасаа эхлээд л хууль зөрчсөн. Тиймээс энэ олон хуулийн байгууллага ажлаа хийж, энэ олон хууль зөрчсөн байгууллагын үйл ажиллагааг зогсоогооч. Тост, Тосон бумын нурууг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авахад бид 893 мянган га газрыг хамгаалж өгөөч, тэгж байж бүрэн хамгаалагдана гэдэг хүсэлтийг гаргасан. Харин хагасыг нь хасвал хамгаалагдахгүй гэдэг үндэслэлтэй нь бид нар өгсөн. Гэтэл 2016 онд улсын тусгай хамгаалалтад авахдаа 160 мянган га газрыг нь гадна нь үлдээгээд авсан. Харин гадна үлдээсэн газартаа зөвшөөрөл өгөөд 2018 оны 12 дугаар сараас эхлээд уурхай үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Хүний дээлийн хормойг хяргаж хаячихаад бүтэн дээлтэй байна гэж хэлээд байгаатай адил. Иймд нийт 893 мянган га талбайг хамгаалж байж л хамгаалагдана. Учир нь тэр уурхайн шүүрлийн ус гэж маш их ус гараад ирчихсэн. Энэ нь уулын ус доошоо судлаар яваад гараад ирсэн гэсэн үг тул ууланд нөлөөлнө. Тэд тайлбарлахдаа уулаас хол гэж байгаа ч газрын судлаар газар доор байгаа хэсгийг ухахаар л гарч ирээд байгаа юм. Тэнд маш олон булаг, шанд байна. Голд нь өмөлж хаячихаад ингэж хэлээд байдаг, гэтэл тэр өмөлснийгөө тойруулаад ухна шүү дээ. Тиймээс голд нь өмөлсөн тэр газарт булаг шанд үлдэх үү, иргэдийн ногоо тарьдаг газар үлдэх үү. Ийм л нөхцөл байдал үүсгэчихээд, эрх мэдлээ ашиглан бидний эсэргүүцлийг “Улс төр” хэмээн тайлбарлаж байна. Энэ бол улс төр биш. Гурван тэс сум 2.9 га газар нутаг дэвсгэртэй, Сэлэнгэ аймагтай тэнцэх нутаг дэвсгэртэй ийм том сум.  Үүнийг нэг жижиг сум мэтээр ойлгуулаад байгаа. Гэтэл Сауд гоби коал транс гэж компани 43 мянган га газрыг эзэмшдэг. Энэ талбай чинь Улаанбаатараас 10 дахин том талбай шүү дээ. Ийм талбайг нэг хүн эзэмшчихээд тэндээс олсон бүх орлогыг өөртөө аваад байна” гэлээ.