М.Баяржаргал: Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж "Харри Поттэрын тохижилттой хөлөгт тоглоом"-ын кофе шопоо нээсэн

М.Баяржаргал: Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж "Харри Поттэрын тохижилттой хөлөгт тоглоом"-ын кофе шопоо нээсэн

Эрдэнэт хотод олон улсын жишигт нийцсэн тоглож, ном уншиж, кино үзэх боломжтой Харри Поттэрын тохижилт бүхий кофе шоп нээгдсэн тухай бид мэдээлж байсан. Coffee talk & Boardgame room хэмээх уг газарт 30 гаруй төрлийн хөлөгт тоглоомоос нас хамаарахгүй тоглож болох бөгөөд Кино, ном, цуврал сонирхогчдын хэлэлцүүлэг болдог аж. Иймд бид энэ удаа тус кофе шопыг онцолж, үүсгэн байгуулагч М.Баяржаргалтай ярилцлаа. 
 
ВИДЕО:
 

-Сайн байна уу. Та юуны түрүүнд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Мягмарсүрэнгийн Баяржаргал гэдэг "11 Coffee talk & Boardgame room"-ийн үүсгэн байгуулагч байна. iSee.mn сайтын нийт үзэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе.

-“Coffee talk & Boardgame room” –ийг хэзээ нээв. Мөн дотоод интерьерийн хувьд яагаад ингэж хийх болсон бэ?

-“Boardgame room” нээгдээд ердөө гурав хонож байгаа. “Хөлөгт тоглоом”-ын газар миний хүүхэд насны мөрөөдөл байсан. Найзуудаараа хөлөгт тоглоом тоглоод сууж байхдаа шар гэрэлтэй үлгэрийн юм шиг орчинд тоглож үзэхийг хүсдэг байсан юм.  Нутагтаа ирээд яг кофе шопоо нээхдээ хаана юу тавих, өнгө нь ямар байх гээд  бүх юмаа толгойдоо төлөвлөсөн байсан учраас дотоод заслаа гурав хоногт хийсэн. Үр дүнд нь хүслийн минь нэг хэсэг  биелж буйд баяртай байна. Мөн бусад хүмүүст энэхүү боломжийг олгож байгаадаа таатай байна.

-Кофе шопдоо яагаад заавал “Хөлөгт тоглоом”  тоглуулах болов?

-Сүүлийн жилүүдэд ухаалаг утасны хэрэглээ болон сошиал медиа хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан хүмүүсийн амьд харилцаа багссан юм шиг санагддаг. Тиймээс амьд харилцааг дэмжих зорилгоор хөлөгт тоглоом тоглуулах санаа орж ирсэн юм. Одоогоор манайд 30 гаруй төрлийн хөлөгт тоглоом бий. Энэ тоглоомын нэг онцлог нь Монгол хүний дайчин, хурдан шийдвэр гаргах, зоригтой зан төлөвүүдийг тоглогчид төлөвшүүлж байдаг.

-Улаанбаатарт ажиллаж амьдардаг байсан гэсэн шүү дээ. Харин энэхүү кофе шопоо яагаад Эрдэнэт хотод нээсэн бэ?

-Миний хувьд Улаанбаатар хотод очоод 10 гаруй жил суралцаж, ажиллаж, амьдарсан байна. Одоогоор Эрдэнэт хотод шилжиж ирээд хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ газарт бизнес хийхийн давуу тал гэвэл мэдээж түгжрэлгүй, стрессгүй. Хамгийн гол даваа тал нь мэдээж гэр бүлдээ цаг заваа зарцуулна. Мөн бизнестээ давхар цаг зарцуулна. Хэрвээ Улаанбаатарт энэ газраа нээхээр төлөвлөж ажлаа эхлүүлсэн бол магадгүй одоо хүртэл энэ газар нээгдэхгүй  байсан болов уу гэж бодож байна.

-Хэрэглэгчдийн хувьд?

-Манай кофе шоп нээгдээд гурван өдөр болоход маш олон үйлчлүүлэгчид зорин ирж үйлчлүүлж байна. Тэр дунд зөвхөн Эрдэнэт хотын иргэд гэлтгүй. Хөвсгөлөөс Улаанбаатар зорьж буй хүмүүс, гэр бүлээрээ ирж байгаа, хүүхэдтэйгээ ирж байгаа хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс "хүүхдэдээ энэ соёлыг танилцуулах гэсэн юм. Хүүхдэдээ энэ тоглоомыг зааж өгөх гэсэн юм" гэж ирж байгаа нийт эцэг эхчүүддээ бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.

-Дахин салбар нээх үү?

-Дараагийн газраа Улаанбаатар хотод нээхээр төлөвлөж байгаа. Илүү шинэлэг загвартайгаар төсөөлж байгаа. Болдог бол бүх газарт салбараа нээх хүсэл байна. Мөн тэр хүслээс илүүтээгээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг кофе шоп болон бусад газруудыг энэхүү соёлыг хамтдаа түгээгээсэй гэж уриалмаар байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд баярлалаа.

 

 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө