БАРИМТ: Н.Нацагдорж барилгын ажил нь жил орчмын өмнө эхэлсэн “Моннис”-ын гэх тодотголтой барилгад саяхан “Архитектур төлөвлөлтийн даалгавар” олгожээ

БАРИМТ: Н.Нацагдорж барилгын ажил нь жил орчмын өмнө эхэлсэн “Моннис”-ын гэх тодотголтой барилгад саяхан “Архитектур төлөвлөлтийн даалгавар” олгожээ

Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж “Архитектур төлөвлөлтийн даалгавар” болон “Барилгын ажлын зөвшөөрөл”-өө авахгүй өнгөрсөн жилээс барилга барьж эхэлсэн аж ахуй нэгжид саяхан зөвшөөрлийг нь олгож, хууль тогтоомж зөрчжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2021 оны долдугаар сарын 20-ны өдөр 213 дугаар тогтоолоор "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийг шинэчлэн баталсан байна. Тус дүрмийн 7.2-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно" гэж заажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Мөн Барилгын тухай хуульд зааснаар барилга барьж эхлэхээс өмнө “Архитектур төлөвлөлтийн даалгавар” авч барилгын ажлаа эхлэх учиртай.

Гэвч Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж нь өнгөрсөн оны аравдугаар сард  /2021.10/ анх суурь нь тавигдан баригдаж эхэлсэн "Моннис"-ын гэх тодотголтой "Талын шонхор" ХХК-д 25 давхар орон сууцны цогцолбор барилгын “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг энэ оны долдугаар сарын нэгний өдөр /2022.07.01/ олгосон байх аж.

Товчхондоо барилга нь баригдаад жил орчим болсон барилгад “Архитектур төлөвлөлтийн даалгавар” олгосон байна. 

"Талын шонхор" ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар

Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/251 дугаар шийдвэртэй, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар эзэмших эрх олгосон 0.7454 га газрыг үндэслэсэн гэжээ. Хачирхалтай нь “Талын шонхор" ХХК нь 2021 онд барилгын хашаагаа татаж, барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Харин газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

"Талын шонхор" ХХК-ийн төлөвлөлтийн хязгаарын схем зураг ба барилгын явц

Эдгээр баримтаас үзэхэд тус байгууллага нь барилга барих газраа эзэмшиж аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр хууль дүрэм зөрчиж барилга барьж эхэлсэн болж байгаа юм. Гэтэл Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж барилгын ажил хэдийнээ эхэлж, дуусах болсон барилгад ийнхүү Архитектур төлөвлөлтийн даалгавар” өгсөн байгаа юм. Тус барилга нь өдгөө 20 орчим давхар хүртлээ баригдсан байна. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө