ФОТО: Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцсэн “Бандааштай жагсаал” болж байна

2019-05-27 03:05

ФОТО: Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцсэн “Бандааштай жагсаал” болж байна

Яг одоо /2019.05.27/ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол болон Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Харин Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ татгалзсан хүний эрхийг дахин сэргээх талаар хуралдаж байгааг эсэргүүцэн иргэд  “Бандааштай жагсаал” хийж буй юм.

Бид мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ

2019-05-27 01:55

Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэх бандааштай жагсаал болно гэв

-ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ ЭСЭХИЙГ ҮХЦ ШИЙДНЭ-

Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчих эсэхийг өнөөдөр цэц хэлэлцэнэ. Судлаач Д.Ганхуягийн гаргасан гомдлын дагуу уг асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцэхээр товлосон.Хэрвээ цэц Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх, цаашлаад Их суудлын хуралдаанаар маргаан өрнүүлэх шаардлага үүсэх юм. Нөхцөл байдал ингэж өрнөвөл Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх сарын 30-нд зохион байгуулагдах боломжгүйд хүрэх эрсдэлтэй билээ.

Улс төрийн намуудын хувьд Сонгуулийн тухай хуулийн дагуу дотооддоо нэр дэвшигчээ тодруулах процессыг өрнүүлж буй. Тодруулбал, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан.

Улмаар Хэнтийн АН-аас Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх саналаа  намынхаа ҮБХ-нд хүргүүлээд буй. Өнөөдөр Ан-ын ҮБХ хуралдах чигтэй байгаа юм.

Мөнхүү МАН маргааш Бага хурлааараа Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөгчөө тодруулахаар товоо зарлаад байгаа юм. Тус үйл явдалтай холбогдож ҮХЦ-ын гадна талбайд “УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэх Бандааштай жагсаал” болох хэвлэлийн хурлын зар гарчээ.