БАРИМТ: "Нинжа"-аар алт ухуулж гэрээ, гэрчилгээ, хяналтыг нэг ТББ хариуцдаг болох журмыг Ж.Ганбаатарын яам баталжээ

БАРИМТ: "Нинжа"-аар алт ухуулж гэрээ, гэрчилгээ, хяналтыг нэг ТББ хариуцдаг болох журмыг Ж.Ганбаатарын яам баталжээ

“Нинжа” гэх хэсэг иргэд байгалиас алт зэрэг металлыг хайж, ухаж авахын тулд газрын хөрсийг сэндийчиж байгальд асар их хохирол учруулдаг болоод удаж байна. Тэд саяхнаас “Нинжа” гэх нэрээ өөрчилж “Бичил уурхай эрхлэгч” гэх болсон.

Харин "хариуцлагатай уул уурхай"-г хөгжүүлж улсад тушаах метал, төлөх татвар, байгалийн нөхөн сэргээлтийг тодорхой болгох хэрэгтэй гэж салбарын хүмүүс анхааруулсаар буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын удирдаж эхлээд удаагүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн оронд “Нинжа” буюу бичил уурхай эрхлэгчдээр ашигт малтмал /алт зэрэг метал/ олборлуулах журмыг баталж, энэхүү харилцаагаа нэгэн Төрийн бус байгууллага /ТББ/-д хариуцуулахаар журамдаа тусгасан нь авлига, албан тушаалын гэмт хэрэг байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

-“БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБОО” ТББ-ЫН СУРГАЛТАД НИНЖА НАР СУУЖ, УЛМААР ГЭРЧИЛГЭЭ, ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ БОЛЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Тодруулбал, тус журам нь “Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарна” гэж заажээ.  Мөн энэхүү журамд “Бичил уурхай эрхлэх нэг нөхөрлөл, хоршооны гишүүдийн тоо нь 9-өөс цөөнгүй байх бөгөөд гишүүн нь өөр нөхөрлөл, хоршоонд бүртгэлгүй байна” гэжээ.

Нинжа нараар ашигт малтмал олборлуулахаар боловсруулсан УУХҮЯ-ны журам. 2022 он

Харин журамд зааснаар бичил уурхай эрхлэх зөвшөөрлийг тухай сум, орон нутаг, мэргэжлийн холбоо олгох ажээ. Тодруулбал, журмын 2.1-д Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухай сум, дүүргийн засан даргад гаргана. Ингээд тус нөхөрлөл нь бичил уурхайн мэргэжлийн холбооны сургалтад хамрагдан, гэрчилгээ авч, улмаар бичил уурхайн мэргэжлийн холбоотой “ашигт малтмал олборлох гэрээ байгуулна" гэж заажээ.

Тэгвэл энэхүү журмын ард “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” гэх ТББ-ийн нөлөө, мөнгө олох арга хэрэгсэл байж болзошгүй байгаа юм.

Тус холбоо нь уул уурхайн чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхитэй үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд тус холбооны эцсийн өмчлөгчөөр Л.Дэлгэрбаяр гэх иргэн бүртгүүлсэн байгаа бөгөөд тэрээр өөрөө тус ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг гэж УБЕГ-ын мэдээллийн санд дурджээ.

“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” гэх ТББ-ийн Улсын бүртгэлийн мэдээлэл

-ТББ НЬ АЛТ УХАХ НИНЖА НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ, ХЯНАЛТ ТАВЬЖ, ТӨРИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАНА ГЭЖ УУХҮЯ ЖУРАМДАА ТУСГАЖЭЭ-

Мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна” тус журамд заажээ. Харин сум, дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн нийт хэмжээ 50 га-аас ихгүй байх аж.

Нинжа нараар ашигт малтмал олборлуулахаар боловсруулсан УУХҮЯ-ны журам. 2022 он

Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын удирдаж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны боловсруулж, баталсан журмаар, “Бичил уурхайн мэргэжлийн холбоо нь сум, дүүргийн засаг даргатай хамтран “бичил уурхай эрхлэгч” /Нинжа/-тэй гэрээ байгуулж, бие даан бичил уурхайчдад гэрчилгээ олгож, гэрээний биелэлтэд нь хяналт тавьж, холбогдох төрийн байгууллагыг мэдээллээр ханган ажиллах ажээ.