Гэр хорооллын айл, өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо

Гэр хорооллын айл, өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо

Нийслэл, хөдөө орон нутгийн нийт 200 гаруй мянган гэр хорооллын айл, өрхүүд шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд үргэлжлүүлэн хамрагдахаар боллоо.

МУ-ын 2023 оны төсвийг хэлэлцэж эхлэхэд Эрчим хүчний сайдын багцаас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд шаардагдах мөнгийг хассан байсан. Харин айл, өрхүүдэд хамгийн их дэмжлэг болсон  шөнийн тарифын хөнгөлөлтийг цаашид үргэлжлүүлэхийг иргэд хүсэж,  80 мянга орчим гарын үсэг цугласан байна. Уг асуудлыг  2023 оны төсвийн хэлэлцүүлгийн шатанд хуучнаар нь хэвээр үлдээх болж 33 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. 

Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн эрчим хүчний хөнгөлөлтийг үргэлжлүүлэх асуудлыг хөндөж, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэнээр улстөрийн шийдвэр гаргасан юм. Мөн УИХ, Байнгын хороо, Төсвийн ажлын хэсгүүдийн хуралдаанд зөвхөн нийслэл бус орон нутагт ч гэр хорооллын айл, өрхүүдийн шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжлэх ёстой хэмээн үзэж, баталлаа.