ХОХИРОГЧ 21 НАСТАЙ А: Намайг “КК парк”-аас “АА парк”-д шилжүүлж улам хэрцгий хандаж, хоёр өдрийн турш тасралтгүй зодсон

ХОХИРОГЧ 21 НАСТАЙ А: Намайг “КК парк”-аас “АА парк”-д шилжүүлж улам хэрцгий хандаж, хоёр өдрийн турш тасралтгүй зодсон

Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын 15 иргэн Мьянмар улсын цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг "КК парк" гэх газар хохирогч болсон талаар бид өмнө мэдээлж байсан. ЭНД ДАРЖ уншина уу.

"КК парк" гэх газар нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худлаа зар мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж өөрийн улсдаа авчирдаг байна. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулж, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг аж. Цаашлаад хүний эд эрхтнийг худалддаг гэдгээрээ олон улсад муу нэртэй газар бөгөөд "Дэлхийн там" гэж нэрийдэх болсон байна.

-ТЕГ холбогдох байгууллагатай хамтарч "КК парк"-ийн биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн Монгол хохирогчдыг эхнээс нь эх оронд нь авчирч эхэлжээ-

Монгол Улсын Тагнуулын ерөнхий газраас дээрх хохирогчдыг эх орондоо авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжид хоёр хохирогчийг эх оронд нь авчирсан. Гэсэн хэдий ч "КК парк" нь зэвсэгт босогчдын бүлэглэл бөгөөд хэлэлцээр хийх боломжгүй, тэд маш их хэмжээний мөнгийг манай талаас нэхэж Монгол Улсын иргэдийг татан авахад хүндрэл гарч болзошгүй байсан ч хохирогч болсон монгол эмэгтэй 15 сая төгрөг төлж саяхан нутагтаа иржээ. Тус эмэгтэйн талаар мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, тэрбээр анх "5,6 сая төгрөгөөр ажилд жуулчилна" гэх зарын дагуу холбоо тогтоосон бөгөөд тус газар очоод “сайн дураар ажиллаж байгаа” гэх гэрээнд хүчээр гарын үсэг зурж, улмаар хуурамч аккаунт нээж зар мэдээлэл оруулдаг байжээ. Түүнийг бусад улс орноос хууран мэхэлж нэг хүн авчирч чадвал 1,5 сая төгрөгийг амласан аж.

-“КК парк”-ийн монгол хохирогчийг өөр “АА парк”-д шилжүүлж улам хэрцгий ханддаг байсан гэв-

Тус хуаранд голчлон хятад, тайвань, малайз, хонг конг, монгол хохирогч нар байдаг бөгөөд хохирогч 21 настай А саяхан эх орондоо иржээ.

Тэрбээр, “Миний хувьд Арабын Нэгдсэн Эмират Улсад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллаж амьдарч байх хугацаандаа зургадугаар сарын 05-ны өдөр Тайланд улсад Хятад хэлний орчуулагчийн ажил байна гэсэн ажлын зар харсан. Тус ажил нь сарын 3500 долларын цалинтай гэсэн юм. Монголд байгаа найзтайгаа холбогдож цуг очсон. Бид хоёрын нислэгийг тэр хүн өөрөө захиалж өгсөн бөгөөд очсон даруйд нэг эмэгтэй тосож аваад биднийг хоёр машинд хувааж суулгасан. Жолооч нь 6-7 цаг хүрч очно гэж хэлсэн. Хурдны замаас гарахдаа автомашиныхаа гэрлийг унтрааж шороон замаар явж байгаад биднийг хүчээр төмөр завинд суулгасан. “КК парк”-д очсоны дараа дөрвөн хуудас бүхий гэрээнд хүчээр гарын үсэг зуруулж, ажил хийхийг шаардсан учраас “Энэ анх ярьсан газар чинь биш байна.

Намайг өөр газар ажилуул гэтэл бид хоёрыг өөр “АА парк” гэдэг газар руу аваачсан. Тэр газар өмнөх газраасаа бүр дор газар байсан. Биднийг хоёр өдөр тасралтгүй зодож тамласан. Үгээр хэлэхийн аргагүй аймшигтай байсан” гэлээ.

Мөн тэрбээр тухайн үед байсан цэргийн даргатай холбогдож Монголын талтай холбож өгснөөр хил давуулж албаны хүмүүстэй уулзуулж, монголдоо ирсэн тухайгаа хэлсэн юм.