ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшин нарт холбогдох 1.5 тэрбум төгрөгийн хэргийг шүүхээс ЦАГААТГАЖЭЭ

ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшин нарт холбогдох 1.5 тэрбум төгрөгийн хэргийг шүүхээс ЦАГААТГАЖЭЭ

Эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-ийн захирал асан Б.Баттүвшин нарт холбогдох 1.5 тэрбум төгрөгийн хэргийг шүүхээс цагаатгажээ. 

Тодруулбал, Б.Баттүвшин нь ЖДҮХС-ийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Эрдэнэболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “О” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны аравдугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжжээ. 

Улмаар 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “М” төслийг хэрэгжүүлэхээр 1 тэрбум 550 сая төгрөгийн санхүүжилтийг “О” ХХК-ийн Голомт банкны ...тоот дансаар шилжүүлэн авсан байна.

Шүүхийн тогтоол

Харин зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна. 

Мөн шүүгдэгч Б.Баттүвшин нь 1 сая 550 мянган төгрөгийн зээл авсан Ш.Э-ын үүсгэн байгуулсан “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн эцэг Р.Б-гийн үүсгэн байгуулсан “Э” ХХК-ний ажилтан болон Х.Т-гийн нэр дээр шилжүүлэн авсан. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “О” ХХК-ийн Голомт банкны тоот долларын дансанд 1 тэрбум 132 сая 200 мянган төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36кв метр талбайг захиалга хийсэн.

Улмаар, иргэн Ш.Э-д нийт 123 сая 705 мянган төгрөг, иргэн Б.Г “Х” банкны дансанд 34 сая төгрөг, иргэн Ж.Г-ын “Х” банкны төгрөгийн харилцах 0 тоот данс руу 150 сая төгрөг, иргэн Х.Т-д 40 мянган төгрөг, иргэн В.Э ын “Г” банкны долларын харилцах тоот данс руу 10 сая төгрөг, иргэн О.М-ын Г банкны төгрөгийн харилцах тоот данс руу 100 сая төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авсан. Эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан..... хэрэгт холбогджээ.

Улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны наймдугаар сарын 30-ны /2022.08.30/өдөр хэлэлцээд "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байна. Ташрамд өгүүлэхэд, ЖДҮХС-аас 1.5 тэрбум төгрөгийн зээл авч, зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэх эл мөнгийг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, зохигчдын эвлэрлийг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/02610 дугаартай захирамж гарч байжээ.