Жью-жицүгийн мэргэжлийн ДАШТ-д оролцож буй тамирчдын зардлыг дааж, урам өгөх үүднээс тэмцээнд нь хамт явжээ.
Тодруулбал, Абу Даби хотноо зохион байгуулагдаж байгаа Жью-жицүгийн мэргэжлийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн "Өнөр бүл" хүүхдийн төвийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубын сурагчид оролцохоор болсон. Тэмцээнд оролцож буй гурван сурагч, дасгалжуулагч багшийн зардлыг Ангууч буюу Б.Баттөр өөрөөсөө гаргасан юм.
Тэрбээр энэ талаар дурдахдаа "Миний бие "Ододтой Бүжиглэе" шоү нэвтрүүлгийн ялагчийн шагналаар НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран "Өнөр бүл" хүүхдийн төвийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубээ байгуулсан. Энэ хугацаанд манай клубийн 20 гаруй залуу тамирчид жью-жицү гээр тууштай хичээллэж дүүрэг, хот, улсын хэмжээний тэмцээн уралдаануудаас 30 гаруй шагнал хүртсэн. Хувь хүний хөгжлийн хувьд сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл гээд маш чухал зан чанарууд бие болж суурьшиж байгааг би өөрийн биеэр хүүхдүүдээсээ мэдэрч байгаа. Өнөөдөр бид Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жью-жицүгийн мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дасгалжуулагч багш болон гурван хүүхдүүдийн хамтаар бүх зардлыг гарган авч явж байна. Хүүхдүүдийн хамгийн анхны гадаад орон дахь нандин мэдрэмж, дурсамж, туршлагыг хамтдаа бүтээлцэж байгаадаа маш их догдолж байна" гэжээ.