СУРАГЧ: “Нулимс асгаруулагч хий” гэсэн атал дотуур байранд хүртэл тархсан. Сургуулийн цайны газрын тогооч нар бүгд зугтсан

СУРАГЧ: “Нулимс асгаруулагч хий” гэсэн атал дотуур байранд хүртэл тархсан. Сургуулийн цайны газрын тогооч нар бүгд зугтсан

Өчигдөр /2022.11.08/ Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 31 сурагч, зургаан насанд хүрсэн хүн амьсгалын дутагдалд орж эмнэлэгт хүргэгдсэн осол гарсан билээ. Тус ослын талаар шалгалтын ажиллагааг явуулж, шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч цацлага их завсарлагааны үеэр нэг давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан нь тогтоогдсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн.

Энэ талаар бид тус сургуулийн нэрээ нууцалсан сурагчтай холбогдож тодруулахад, “Албаны мэдээлэл худлаа байж болзошгүй. Нулимс асгаруулагч хий гэхэд маш өргөн хүрээнд тархсан байсан. Хүүхэд рүү буруугаа чихэхийг оролдож байна” гэв. Иймд бид түүнтэй хэрэг явдал юу болсон талаар тодрууллаа.

-Дархан-Уул аймгийн "Оюуны Ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газарт их завсарлагааны үеэр гарсан хэргийн талаар та тодорхой яриач?

-Өглөөний 10:00 цагийн их завсарлагааны үеэр сургуулийн цайны газарт нийт 100 гаруй хүүхэд цайгаа ууж байсан. Ердөө 10 минутын дотор болсон үйл явдал. Эхлээд цайны газрын тогооч нар сандралдаад гүйлдээд байснаа ард байсан хүүхдүүд гэнэт ханиалгаж эхлээд дараа нь миний хоолой руу нэг юм орох шиг болсон. Тэр даруй хүүхдүүд идэж байсан зүйлсээ хаяад гарч гүйсэн.

Би найзуудтайгаа юу болж байгаа талаар ярилцаж байх хоорондоо аяга тавгаа хураах гэтэл тогооч нар бүгд алга болчихсон байсан.

Тухайн үед юм бодолгүй анги руугаа ороод ангийнхандаа энэ тухай хэлтэл багш нар “сүртэй юм” гэх утгатай зүйл хэлээд хичээл үргэлжлээд 10-20 минут болсны дараа бүгд ангиасаа гар гэж тушаасан. Ангиас гарахад коридорт хүртэл хоолой руу орсон зүйл амтагдаж эхэлсэн. Бид яг юу гэдгийг мэдээгүй.

-Албаны өгсөн мэдээллээр төгсөх ангийн хоёр сурагч нулимс асгаруулагч хий цацсан болох нь тогтоогдсон гэсэн. Хоёр сурагчийн талаарх мэдээлэл байгаа юу?

-Үгүй. Миний хувьд энгийн нулимс асгаруулагч хий байсан гэж бодохгүй байна. Учир нь манай сургууль нийт гурван давхар. Дотуур байр хүртэл бий. Гэтэл дотуур байранд байсан хүүхдүүд хүртэл эвгүй болчихсон гарч ирсэн. Нулимс асгаруулагч хий өргөн хүрээнд тархсан гэхэд сонин санагдаж байна.

-Сургуулийн нийгмийн ажилтан болоод багш нарын хамгийн түрүүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юу байв?

-Манайх хоёр нийгмийн ажилтантай. Коридорт хүүхдүүд хоолой нь эвгүй оргиж эхэлсний дараа шууд нийгмийн ажилтанд мэдэгдэхээр очиход хаалгаа тайлахгүй байсан. Хэсэг хугацааны дараа онгойлгож гарч ирсэн. Мөн телевиз, цагдаа, эмнэлгийн байгууллага ирэх хүртэл гурван давхрын сурагчдыг гаргаагүй. Хий гурван давхар руу гарах боломжгүй “зүгээр” гэж хэлсэн. Дараа нь телевизийн байгууллага ирэхэд бүх сурагчдыг гаргасан.

-Газ, хий алдагдсан байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл анх бүртгэгдсэн. Тогооч нар дуудлага мэдээлэл өгсөн үү. Энэ талаар мэдээлэл байгаа юу?

-Нарийн мэдээлэл надад байхгүй. Ангиас шуугилдаж гарахад цайны газрын ширээ сандал гэх мэт зүйлс дийлэнх нь хөмөрчихсөн, газраар хоол асгарчихсан байдалтай байсан ч хэвлэлийн байгууллага ирэхэд бүгдийг цэвэрлээд хураачихсан харагдсан.

-Танай сургууль нийт хэдэн сурагчтай вэ. Өглөөний ээлжид хэд хэддүгээр ангиуд ордог вэ?

-Манайх нийт 5000 гаруй сурагчтай. Өглөөний ээлжид 7,10,11,12 дугаар ангийнхан ордог. Харьцангуй биеэ даах чадвартай хүүхдүүд байсан тулдаа шуурхай хөдөлж чадсан гэж бодож байна. Хэдхэн хоногийн өмнө сургуулийн захиргаа болон багш нар “Манай сургуулийн сурагчдын даац хэтэрчихсэн. Хүүхдүүдийг харьяа сургуулиуд руу явуулна, шилжүүлнэ” гэж бид нарт ярьж байсан юм.

-Сургуулийн камерын бичлэгт хоёр хүүхэд коридорт нулимс асгаруулагч хий цацаж байгаа нь үлдсэн гэсэн. Сургуулийн тань  камержуулалт хэр вэ. Хоёр хүүхэд хий цацаж буйг харсан гэрч байгаа болов уу?

-Манайх камертай нь үнэн. Хоёр хүүхэд коридорт нэг зүйл цацаж байгааг нэг сурагч харсан гэсэн.

Тэр одоо цагдаагийн байгууллагат гэрчийн мэдүүлэг өгч байгаа.

Гэхдээ дан ганц нулимс асгаруулагч хийнээс болсон гэж бодохгүй байна. Учир нь тухайн үед галт тогооноос бүх зүйл эхэлсэн шүү дээ.

-Энэ талаар эцэг эхдээ хэлсэн үү?

-Томчууд гэхээс илүү яг сургууль дотор байсан хүүхдүүд л үнэнийг мэднэ. Ангийнхан болон үеийнхэн маань сурагчийн санаандгүй үйлдлээс гаргасан ганцхан цацалт ийм хэмжээнд хүрнэ гэж бодохгүй байна.