Чингис хаан Олон Улсын нисэх буудлаас өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд БНХАУ-ын хоёр иргэн их хэмжээний алтыг хууль бусаар Монгол Улсаас авч гарах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, БНХАУ-ын 2 иргэн гар тээшиндээ 393.9 грамм шар өнгийн металл /алт мэт/ зүйлийг нууж гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр тээвэрлэж, Монгол Улсын хилээр гадагш хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Дээрх шар өнгийн металлыг Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч томилон хүргүүлж алт эсэхийг нь тогтоох ажиллагаа хийж байгаа аж. Эл хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс шалгаж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
