ШУУД: Дарханы "Оюуны-Ирээдүй" сургуульд үл мэдэх хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдээд байна

2022-11-08 19:48

ШУУРХАЙ: "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 142 сурагч, 16 багш, ажилтан хийнд хордож, эмнэлгийн анхны тусламж авчээ

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт үл мэдэх хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Цагдаагийн байгууллагаас тухайн үл мэдэх хий нь "Нулимс асгаруулагч" байсан талаар мэдээлсэн. Тэгвэл уг хийнд "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 142 сурагч, 16 багш, ажилтан хордож, эмнэлгийн анхны тусламж авсан байна. Эдгээрээс одоогийн байдлаар таван хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Мэргэжлийн байгууллагаас "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн байранд хяналт шалгалт хийж, маргааш буюу арваннэгдүгээр сарын есны өдөр хичээлийн үйл ажиллагаа хэвийн явах боломжтой гэж дүгнэжээ. 

2022-11-08 14:08

ЦЕГ: Хоёр сурагч "Нулимс асгаруулагч"-ийг сургуулийн цайны газрын коридорт цацсан болох нь тогтоогдсон

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт үл мэдэх хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл эл хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дархан-Уул аймаг, Дархан сум "сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С, эмэгтэй Э нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон" гэлээ. 

2022-11-08 13:29

ШУУРХАЙ: "Нулимс асгаруулагч" цацсанаас сурагчид болон багш нар хордсон гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт үл мэдэх хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдсэн талаар тус аймгийн "DBS" телевиз мэдээлсэн.

Тухайн үл мэдэх хий нь хаанаас гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагаас тус сургууль дээр яг одоо ажиллаж байгаа аж. Анх "Сургуулийн цайны газрын газ дэлбэрсэн байж болзошгүй" гэх дуудлага мэргэжлийн байгууллагад ирсэн бөгөөд урьдчилсан байдлаар ахуйн газ биш, нулимс асгаруулагч болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн тус сургуулийн нийгмийн ажилтны мэдээлж байгаагаар сургуулийн нэгдүгээр давхарт сурагчид нулимс асгаруулагч цацсан учир сурагчид болон багш нар ийнхүү хордоход нөлөөлсөн хэмээн тайлбарласан юм. Одоогоор "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 31 сурагч, 6 том хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

2022-11-08 11:43

ШУУД: Дарханы "Оюуны-Ирээдүй" сургуульд үл мэдэх хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдээд байна

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт ямар нэгэн хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдсэн талаар тус аймгийн "DBS" телевиз шууд мэдээлж байна. 

ШУУД: