Өвөрмонголын иргэн Б.Сарантэргэл: Цаашдаа хэл яриа, аялгаар гадуурхах үзэл багасна гэдэгт би итгэж байна /ВИДЕО/

Өвөрмонголын иргэн Б.Сарантэргэл: Цаашдаа хэл яриа, аялгаар гадуурхах үзэл багасна гэдэгт би итгэж байна /ВИДЕО/

Өнгөрсөн аравдугаар сар /2022.10/-д ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг "хошин урлагийн жүжигчид хүмүүсийг хэл яриа, өнгө зүс, харагдах байдлаар нь доромжилдог" тухай асуудлыг хөндсөн. Ингэснээр "хэл яриа болон харагдах байдлыг инээдэм болгон өнгөрүүлдэг нь буруу" цаашлаад хүний эрхэнд нийцэхгүй асуудал гэдэг нь тодорхой болсон.

Тэгвэл энэ явдлын дараа цахим орчинд нэгэн Өвөрмонгол охины бичлэг тавигдсан нь "Биднийг ярианы хэллэг муухай, аялагтай байна гэх шалтгаанаар муу хужаа хэмээн дуудаж хараах нь элбэг. Гэвч бид өөрсдийн хэл яриа аялгаа авч үлдэх гэж хичээж л яваа хүмүүс" хэмээсэн юм. Иймд бид энэ удаагийн "Social ID" буландаа дээрх бичлэгийн эзэн Өвөрмонгол монголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны Хянган аймгийн Засагт Хан хошууны иргэн Б.Сарантэргэлтэй ярилцлаа. Ташрамд дурдахад, Тус улсад "хэвлэл мэдээллийг хориг, баримталж буй"-аас үүдэн зарим нэг зүйлс ярих нь хориотой учир  бид ярьж болох зүйлсийг доор дурдав.  

ВИДЕО: 

-Сайн байна уу. Таны энэ өдрийн амагланг эрэе. Юуны түрүүнд үзэгч, уншигчиддаа өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. iSee.mn сайтын үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Боржигоны Сарантэргэл гэдэг. Би Өвөрмонгол орны Хянган аймгийн Засагт Хан хошуунд нутагладаг.

-Хоёулаа ярилцлагаа таны хэл яриа ялгаварлан гадуурхалтын талаарх бичлэгээс эхэлье. Тухайн бичлэгийг өөрийн тиктокт /Хятадын тикток/ байршуулсан байсан.  Фейсбүүкт тавигдаж, тархсан тухай яаж мэдсэн бэ?

-Тиймээ. Би өнгөрсөн аравдугаар сард сошиал сүлжээнд /тикток/ хэл яриа, аялгын тухай нэг бичлэг оруулсан. Тэр бичлэг нэлээд их тархсан байна лээ. Хүмүүс над руу ярьж эхлэхэд олж мэдсэн. Би ч нэлээд асуудалтай нүүр тулсан. Тэдгээр нарийн зүйлсийг ярих боломжгүй байгаа.

-Монголчуудын хүлээж авч буй байдал, бичсэн сэтгэгдлүүдийг харсан уу? 

-Нэг бүрчлэн биш ч ерөнхийдөө харсан. Ойлгосон. Миний бичлэгт ярьж буй зүйлсэд зөвхөн хэл яриа, аялгын тухай асуудлын жаахан хэсгийг л хөндсөн юм. Зарим хүмүүс буруугаар буюу их хүнд хүлээж авсан байж магадгүй. Энэ ямар нэг муу санасан утга бүхий бичлэг биш юм шүү. Тэгээд бас бичлэгийг минь үзэж намайг дэмжсэн найзууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа хэл яриа, аялгаар гадуурхах үзэл багасна гэдэгт би итгэж байна. 

-Ирээдүйд танд Монгол Улсад ирж үзэх хүсэл, бодол байгаа юу? 

-Байлгүй яах вэ. Миний бичлэгийг үзсэн зарим хүмүүс намайг "Улаанбаатар хотод суралцаж байсан уу. Улаанбаатарт ирж байсан уу" гэж асууж байсан. Үнэндээ би Улаанбаатар хотод очиж үзээгүй. Дараа нь боломж гарвал Улаанбаатар хотод очиж олон сонирхолтой зүйлс үзэж, эмчийн мэдлэг туршлагаа солилцоно гэж боддог. 

-Одоо таны тухай ярилцъя. Эмчийн мэдлэг солилцоно гэлээ шүү дээ. Мэргэжил болон сургуулийнхаа талаар яривал? 

-Би Европын анагаах ухааны чиглэлээр эмч мэргэжил эзэмшсэн. Энэ оны долдугаар сард сургуулиа төгссөн юм. Одоо мастерт суралцахаар бэлдэж байна даа. и ирээдүйд хүний их эмч болно гэж боддог.

-Таны бичлэгийг үзээд дэмжсэн. Эерэг сэтгэгдэл үлдээсэн хүн олон байсан. Тэдгээр хүмүүст энэхүү яриагаар дамжуулан хэлэх үг байгаа юу? 

-Хэлмээр санагдсан үгс байгаа. Хамгийн түрүүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд би ерөөлийн үг бэлдсэн юм. Та нар минь “Нэг амьдрах амьдралдаа зоригтой байгаарай. Хайрлая гэж бодсон хүнээ хайрла. Хийхийг хүссэн зүйлсээ хий. Энэ бол чиний амьдрал. Чи хэн нэгний дүр бүтээгч биш шүү” гэж хэлмээр байна. 

-Хичээллэх дуртай спорт. Сонирхдог зүйлсийн хувьд? 

-Би дуулж, бүжиглэх дуртай. Мөн чөлөөт цагаараа мотоцикл унах дуртай. Ер нь л шинэ сонин зүйлсэд татагдаж сонирхоод байдаг юм.

-Мэдээж үүнээс илүү мэдээлэл болон ярилцлага өгч болохгүй учир яриагаа энэ хүргээд өндөрлөе. Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

-Надтай холбогдож, намайг хүндэтгэн зохистой ярилцсанд маш их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэе.