Самар түүж яваад хил зөрчсөн Монгол иргэдэд Орос иргэн ОХУ-д дайн эхэлсэн байгааг сануулаад даруй буцахыг зөвлөжээ

Самар түүж яваад хил зөрчсөн Монгол иргэдэд Орос иргэн ОХУ-д дайн эхэлсэн байгааг сануулаад даруй буцахыг зөвлөжээ

Сэлэнгэ аймгийн харьяат 32 настай, эрэгтэй Б самар түүхээр иргэдийг цуглуулж, улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 718 дугаар тэмдэгт орчмоор Оросын холбооны улс руу хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хэргийг тодруулбал, иргэн Б 18 хүний хамт Эрээн уул гэх газар руу 131 автомашинтай самарт явсан байна. Тухайн газар зургаа хоног байрлаж самар түүх гэсэн ч олдоогүй. Ингээд самар хайж явсаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс самартай газар олсон байна. Тухайн өдөр хамт явсан хүмүүсийн нэг нь Орос хүмүүс, орос байшин байна гэж хэлснээр Б тийш очжээ.

Тэр нэг эмэгтэй, гурван эрэгтэй оросуудтай уулзахад тэд “Орост дайн эхэлсэн байгаа, хилийн хамгаалалт чангарсан байгаа, та хэд даруй буц, хил зөрчсөн байна” гэж хэлжээ.

Ингээд Б хамт явсан найзтайгаа отог дээрээ ирж, нэг хоног амраад буцья гэж шийдсэн байна. Ингээд маргааш өглөө нь отогоо буулган нүүж байхдаа Оросын буутай цэргүүдэд баригдаж, улмаар тухайн өдрөө самарчдыг Монголын талд хүлээлгэж өгчээ. Иргэн Б "...би хүмүүс самарт авч явсан, бидний очсон газар олигтой самар байхгүй болохоор нь самар хайж яваад  нэг мэдсэн хил зөрчсөн байсан. Би тухайн үед хил зөрчсөнөө мэдсэн боловч авч явж байгаа хүмүүст хэлээгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэжээ.

Харин гэрчийн мэдүүлснээр "2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Оросын Холбооны Улсын талд нийт 33 иргэн Монгол Улсын иргэн ОХУ-ын нутгийн гүнд 4 км газарт явганаар самар түүж байгаад саатуулагдсан талаар Оросын Холбооны Улсын Мангуут хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөс албан захидал ирүүлсэн.

Мөн тухайн иргэдийг хил зөрчсөн хэсгээр буцааж Монгол Улсын нутаг дэвсгэр рүү буцаасан талаар мэдэгдсэн. Тэгээд тухайн үед хилийн 0243 дугаар ангиас тухайн иргэдийг саатуулах зорилгоор явсан. Тэгээд тухайн иргэдийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ерөө сумын Хатанцаа голын эх хэсэгт буцаж явж байхад нь бүлэг саатуулсан...” гэсэн байна. Мөн Б-тэй анх самар түүхээр нийлж гарсан хоёр иргэн мэдүүлэхдээ "Хилээр нэвтэрснийг бид гурав л мэдсэн. Тэгээд хилээр гарсан болон самар түүж байгаа газраа бусад хамт явсан хүмүүсдээ хэлээгүй" гэж мэдүүлжээ. Шүүхээс иргэн Б-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан байна.