АТГ-ын дарга, ҮХЦ-ийн гишүүнийг ТОМИЛГООНЫ СОНСГОЛД оруулахгүйгээр томилдог болох асуудлыг Цэцийн хурлаар хэлэлцэхээр товложээ

АТГ-ын дарга, ҮХЦ-ийн гишүүнийг ТОМИЛГООНЫ СОНСГОЛД оруулахгүйгээр томилдог болох асуудлыг Цэцийн хурлаар хэлэлцэхээр товложээ

Иргэн Ж.Баянмөнх нь Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан байна.

Тодруулбал, 

  1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн,
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн,
  3. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн,
  4. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн,
  5. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга,
  6. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн,
  7. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн,
  8. Төрийн албаны зөвлөлийн гишүүн,
  9. Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч
  10. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга,
  11. Үндэсний статистикийн хорооны дарга,
  12. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга зэрэг албан тушаалтанг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 29-р зүйлээр “Нэр дэвшигчийн сонсгол” -д оруулж томилгооны сонсгол явуулдаг нь Үндсэн хууль зөрчиж байна гэх агуулгаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ. 

Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү уг өргөдлийг хүлээн авч маргаан үүсгэх эсэхийг өнөөдөр /2022.11.04/ Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүүгийн энэхүү шийдвэр нь дээр дурдсан 12 өндөр албан тушаалтанг олон нийтийн хяналтаас гадуур томилох гэсэн зорилготой юу гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь сонсголын үеэр тухай нэр дэвшигчийн хэн болох талаарх мэдээлэл ил болж, олон нийт мэдэж авдаг. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд тэргүүтэй хамаарал бүхий этгээдүүдээ томилгооны сонсголд оруулж хэлэлцүүлэхгүй шууд томилуулах эрсдэл гарах юм. 

Сонсголоор нэр дэвшигчийн баримт, мэдээлэлд үндэслэсэн, талуудын оролцоог тэнцвэртэй хангасан байх бөгөөд нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуульд заасан бусад шаардлага хангасан эсэхийг нээлттэй хэлэлцэж, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдэх эрхийг хангахад чиглэнэ хэмээн заасан байдаг.