2022 оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 7523 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт тэр тусмаа өсвөр болон бага насны хүүхдүүд өртөж байгаа нь харамсалтай байгаа талаар албаныхан онцолдог.
Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл гэгдэх иргэнтэй бид ярилцлаа. Түүний эцэг, эх 2018 онд нас барснаас хойш есөн настай дүүгийнхээ хамт төрсөн өвөөгийндөө амьдрах болжээ. Үүнээс хойш үргэлж зодуулж, хүчирхийлэлд өртдөг тул улмаар цагдаагийн байгууллага болон холбогдох албаныханд мэдэгдсэн ч огт тоодоггүй талаараа бидэнтэй хуваалцсан юм.
ВИДЕО:
“ХУУЛЬ ӨНЧИН ХҮНД ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ БАЙНА”
-Танд тохиолдсон хүчирхийллийн хэргийн талаар яриагаа эхэлье.
-Дүү бид хоёрын хувьд 2018 онд эцэг, эхээ алдсан юм. Түүнээс хойш өвөө, эмээтэйгээ хамт амьдрах болсон. Гэтэл 2019 онд эмээ маань нас барж түүнээс хойш л бид хоёрыг дарамталж, зодож, дээрэлхэж эхэлсэн гэх юм уу...
Өвөөгийнхөө бүрэн хараанд орж үргэлж хүчирхийлэлд өртдөг болсон. Иймээс цагдаагийн байгууллага руу байнга залгаж дуудлага өгдөг. Гэтэл цагдаа нар “хөгшин настай хүн гэнэт зүрх нь хаагдчихна” гэж хэлэн хариуцлага үүрэхгүйн тулд тоохгүй орхидог.
-Хамгийн сүүлд таныг зодож хоёр гарыг тань хугалсан гэлээ. Юу болсон талаар ярьж болох уу?
-Гарыг минь хугартал зодсон хэрэг 2022 оны есдүгээр сарын 08-09 /2022.09.08-09/ шилжих шөнө болсон. Дүүгээ дагуулаад гэртээ орж ирэхэд өвөө “хүүхэд дагуулаад хаашаа алга болчхож байгаа юм” гэх утга бүхий зүйл хэлээд намайг таягаараа зодож эхэлсэн. Таягаа хугартал зодсоны дараа гараараа зодох гэхэд нь өөрийнхөө зүгээс аргагүй хамгаалалт хийх үеэр миний гар хугарсан байсан.
Миний хувьд аргагүй хамгаалалтаар өвөөгөө хоёр удаа цохисон. Гэтэл “зээ охиндоо зодуулчихлаа” гэх утга бүхий дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн. Өвөө байнга архи уудаг учраас би цагдаа нарт хандан “Энэ хүн архи уучихсан. Үлээлгээд үзээч” гэж хэлтэл эсрэгээрээ над руу дайрч эхэлсэн. Хөгшин настай хүн рүү дайрсан гэж намайг буруутгасан. Би урьд өмнө нь олон удаа дуудлага өгөхөд тоож байгаагүй хүмүүс шүү дээ. Одоо яг хаана, хэнд хандаж итгэхээ мэдэхгүй байна. Өнчин хүнд хууль үйлчилдэггүй юм байна. Цагдаагийнхан надад хэлэхдээ "Аргагүй хамгаалалтаар хүнийг зодсон гэдгийг баримтжуулах, тогтоох хэцүү" гэж хэлсэн.
-Ээжийн тань ах дүү, хамаатан саднууд нь ирдэг үү. Холбоо барьдаг уу?
-Үнэндээ бүгд ялгаагүй. “Чи ээжийнхээ араас, эмээгийнхээ араас үхээд өг гээд л...” байдаг. Өмгөөлж хамгаалах хүнгүй учраас хэн ч биш болгоод хаячихъя гэдэг хүмүүс шүү дээ. Би энэ их дарамтад байгаа талаараа өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн. Гэтэл өвөөгийн хүүхдүүд нэр төрөө сэргээлгэнэ гээд цагдаа дагуулж орж ирсэн. Цагдаа ах намайг зандарч байгаад гарч явж байсан удаатай. Хөгшин настай хүн гэхээрээ л залуу хүмүүсийг дээрэлхэж болдог гэдэг муухай ойлголт Монголд байдаг. Миний жишээн дээр хүртэл харагдаж байна. Аавын тал бол огт холбоогүй. Хойд аав юм л даа.
-Дүүгийнх нь сэтгэл, санаа ямар байгаа вэ?
-Дүүг минь асрамжийн газарт өгнө гэж байнга дарамталдаг. Нэг удаа асрамжийн газарт өгсөн ч удаатай. Гэрт ороход өдөржингөө уйлаад нүд нь хавдчихсан байдалтай угтдаг. Ээж минь бид хоёртой байнга ярилцдаг байсан учраас одоо ч би дүүтэйгээ ярилцах гэж хичээдэг.
-Гарыг тань хугартал зодсон хэргээс хойш та гэрээсээ явсан гэсэн. Одоо хаана байрлаж байна. Хамаатнууд нь эргэж холбогдсон уу?
Хамаатнуудын хэлдэг үг “Хэн чамайг тэжээж байгаа юм”, “Хэн чамайг хоолтой ундтай байлгаж байгаа юм” “Чамайг асрамжийн газарт өгнө шүү” л гэдэг. Би дүүгээ аваад үхчихвэл энэ бүхэн дуусах байх гээд цонхон дээр гарч зогсож байсан үе хэд, хэд бий. Хамаатнууд дийлэнхдээ ээж, эмээгээс үлдсэн алтан ээмэг, бөгж гэх мэт зүйлс авах гэж холбогддог.
-Цагдаагийн холбогдох байгууллагад өргөдөл өгсөн гэсэн. Өргөдлийн талаар авч хэлэлцэх ч юм уу, эргэж дуудаж мэдүүлэг аваагүй юу?
-Би нэг удаа БЗД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч байсан. Гэтэл яагаад ч юм их дарамтанд байсаар байгаад айдастай болчихсон учраас өргөдлөө буцааж авсан. Дараа нь дахиад өргөдөл өгтөл цагдаагийн хэлтсээс “Цагдаагийн байгууллага ямар тоглоом юм уу” гээд хүлээж аваагүй.
Би дотроо бодохдоо өргөдлөө өгөөд шүүх хурал болоход тэд шоронд орно. Тэгээд аасаараа намайг хараана даа. Хүний хараал идсэн юм хийж байхаар больсон дээр л гэж бодсон. Гэтэл эсрэгээр нь намайг буруутан болгох гэж байгаад гомдолтой байна.
-Одоо танд ямар төлөвлөгөө байна. Цаашид юу хийе гэж бодож байна?
-Өмгөөлөгчид хандан зөвлөгөө, тусламж авч өөрт тохиолдсон хүчирхийллийн хэргийг хуулийн дагуу шийдүүлэх чиглэлд ажиллана.