Модны суулгацыг импортлохыг хуулиар хориглодог ч, ОХУ-аас 3.2 сая суулгац авахаар гэрээлж, эхнийх нь Монголд ирсэн байж болзошгүй байна

Модны суулгацыг импортлохыг хуулиар хориглодог ч, ОХУ-аас 3.2 сая суулгац авахаар гэрээлж, эхнийх нь Монголд ирсэн байж болзошгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх санаачилага гаргаж, сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, иргэд мод эрчимтэй тариад эхэлсэн.

Гэсэн ч “Модыг ойгоос шилжүүлэн суулгаж байна. Импортын модоор тоог гүйцээхээр хууль бус үйлдэл гаргаж байна” гэх мэдээлэл цахим орчинд үе үе гардаг. Гэвч албаныхан эдгээр мэдээллийг үгүйсгэж, "Дотоодын аж ахуйн нэгжийн үржүүлсэн модоор тэрбум модыг тарьж, ургуулна" гэдгийг мэдэгдэж байгаа. Тэгвэл ОХУ-аас олон тооны гацуур мод оруулж ирэхээр гэрээлж, эхний ээлжийнх нь суулгац Монголд орж ирсэн байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирлээ. 

Тодруулбал, “Нар Эрдэнэ Байгаль” ХХК нь ОХУ-аас 3 сая 200 мянган ширхэг суулгац авахаар худалдах худалдан авах гэрээг энэ оны долдугаар сарын 25-ны өдөр байгуулжээ.

Тус гэрээгээр “Суулгацуудыг хэсэг хэсгээр нийлүүлнэ”, “Барааны үнийн дүнг рубль болон ам.доллароор төлнө” гэдгийг тусгасан байна. Мөн "Индустрия леса" ХХК-д ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Холбооны ойн аж ахуйн агентлагаас олгосон гэрчилгээг хавсаргасан байх аж. Тус гэрчилгээнд "Тюмень мужийн "Вагайское" ойгоос түүж бэлтгэсэн. Сибирь гацуурын 50 кг үрээс 50 грамм дээж авч 2018 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шинжилсэн" гэдгийг дурджээ. Өөрөөр хэлбэл нэр бүхий аж ахуй нэгж нь ОХУ-аас 3.2 сая модны суулгац оруулж ирэхээр гэрээлсэн бололтой. Гэтэл Монгол Улсын Ойн тухай хуульд мод, сөөгийн тарьц, суулгац импортлохыг хориглодог байна. Тодотговол Ойн тухай хууль 29 дүгээр зүйлд

  • Ойд хориглох үйл ажиллагаа: мод, сөөг нутагшуулах, тарималжуулахаар хийж байгаа туршилт, судалгааны ажлаас бусад тохиолдолд мод, сөөгний тарьц, суулгац импортлох хэмээн заажээ.

Дээрх баримтуудаас үзвэл “Нар Эрдэнэ Байгаль” ХХК нь ОХУ-аас 3.2 сая суулгацыг хууль бусаар оруулж ирэхээр завдаж байж болзошгүй байгаа юм. Тиймээс тус компанийн талаарх мэдээллийг сонирхож үзлээ. “Нар Эрдэнэ Байгаль” ХХК-ийг 2020 оны наймдугаар сарын 6-ны өдөр байгуулсан байна. Д.Алтангэрэл гэх нэг хүний өмчлөлийн тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Алтангэрэл нь өөрөө ажилладаг аж. Тэрбээр ОХУ-аас суулгац худалдан авах гэрээг хийсэн байгаа юм. Эдгээрээс үзэхэд Д.Алтангэрэл нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ОХУ-аас олон тооны модны суулгац худалдан авахаар гэрээлэн байж болзошгүй гэх хардлага байна.