С.Мөнхнасан: Орон нутгийн иргэд онгоцоор зорчсон тохиолдолд 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж, зөрүү татаасыг төрөөс олгохоор ярилцаж байна

С.Мөнхнасан: Орон нутгийн иргэд онгоцоор зорчсон тохиолдолд 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж, зөрүү татаасыг төрөөс олгохоор ярилцаж байна

Агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлд ирэх онд ямар ажил хэрэгжүүлэх талаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр "Орон нутгийн агаарын тээврийг хөгжүүлэх судалгаанд үндэслэж нислэгийн зардлыг бууруулахад шатахууны тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байна. Ойрын үед Роснефть компанитай гэрээ хэлэлцээ хийж шатахууны үнийг 1-2 сая төгрөгөөр бууруулах хүлээлт байгаа.

Нөгөө талаас орон нутгийн нисэх буудал болон үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө. Ер нь бусад тээврүүд НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Агаарын тээврийн хувьд жилд гурав орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын асуудал яригдаж байгаа. Үүнийг чөлөөлчих юм бол зорчигчийн тийзийн үнэ найм хүртэлх хувиар буурах боломжтой. Мөн Монгол Улсын  өргөн уудам нутаг, тархай бутархай суурьшилтай өнөөгийн нөхцөлд тулгуурлан бодлогоос татаас олгож байж агаарын тээвэр ард иргэддээ хүрнэ. Өнгөрсөн хугацаанд агаарын тээврийн үйлчилгээ компаниудын цэвэр бизнесийн зарчмаар явснаас үнэ тариф буурсангүй. Гэтэл яарсан, өвдсөн, өндөр настай, бага насны хүүхэдтэй бүлэг хүмүүст агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ хүрээнд тухайн орон нутгийн ард иргэд зорчсон тохиолдолд 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж, зөрүү татаасыг төр бодлогоор олгох ажлыг эхлүүлсэн. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа үед санал оруулаад ажиллаж байна” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ