Монголын Үндэсний музей “Цонжин болдог” цогцолбортой хамтран 308 ширхэг үзмэр бүхий үзэсгэлэн гаргана

Монголын Үндэсний музей “Цонжин болдог” цогцолбортой хамтран 308 ширхэг үзмэр бүхий үзэсгэлэн гаргана

Монголын Үндэсний музей дотоод, гадаад жуулчдын ихээр зорин очдог аялал жуулчлалын төв “Цонжин болдог” Чингис хааны морьт цогцолбортой хамтран сан хөмрөгөөсөө дээжлэн “Монголчуудын уламжлалт аж ахуй, соёл” тусгай үзэсгэлэнг энэ сарын 5-наас толилуулна.

Үзэсгэлэнд нүүдлийн мал аж ахуй, идээ ундааны сав суулгатай холбогдох үзмэрүүд болон Тайвань Улсын Үндэсний Ордон музейд хадгалагддаг Монголын эзэнт гүрний хаад, хатдын хөргийн 8 хуулбар зэрэг нийт 145 дэсийн 308 ширхэг үзмэрийг дэглэн үзүүлэх юм.

Сонгодог нүүдлийн мал аж ахуйд адууны үүрэг, ач холбогдол үлэмж их учраас монголчууд адууг ихэд эрхэмлэн дээдэлж ирсэн. Тус үзэсгэлэнд монголчуудын адууны соёлыг илтгэх халх, баяд ястны эмээл, улмаар мөнгөн хазаар, ногт, ташуур, хусуур, тамга, олон төрлийн хийц бүхий дөрөө, хүүхдийн эмээл цаашлаад гүүн зэл, айргийн хөхүүр, бүлүүр, хөөрцөг, адууг шүтэх итгэл үнэмшилд бий болсон морин хуур хөгжим зэргийг цогц хэлбэрээр дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Тус үзэсгэлэн 2023 оны  тавдугаар сарыг дуустал олны хүртээл болох аж.