"Зэвсэг-2022" нэгдсэн арга хэмжээг өчигдөр /2022.11.03/-өөс эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Тогтоосон хугацаанд жил бүр иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гэрчилгээний хамт харьяа дүүрэг дэх цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Хэрэв тооллогод хамруулаагүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах юм.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Э.Энхтайван "Галт зэвсгийн тооллого нь энэ төрлийн хэрэгслийг хараа хяналттай болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Иргэд галт зэвсгээ тооллогод хамруулахдаа зориулалтын бус уутанд боож ирэх тохиолдол байдаг. Үүнд анхааруулахад аюулгүй байдал талаасаа заавал зориулалтын хайрцаг саванд хийж авч явах, хадгалах ёстой. Учир нь өөрийн эзэмшлийн галт зэвсгийг бусдад алдвал маш том эрсдэл дагуулна. Иймд галт зэвсгийг эзэмшигч этгээд аюулгүй байдлыг нь өөрөө бүрэн хариуцах ёстой. Ингэхдээ хүний гар хүрэхээргүй газарт сум зэрэг эд ангиас тусад нь, зориулалтын хайрцаг саванд хадгалах шаардлагатай байдаг" гэв. Зөрчлийн тухай хуулийн 5.6-д зааснаар, Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн,хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг 40,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 400,000 төгрөгөөр торгоно гэж заажээ.