"Номин Холдинг"-ийн захирал Ш.Баярсайхан Нийслэлийн прокуроруудыг “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатаас авлига авсан хэмээн АТГ-т хандлаа

"Номин Холдинг"-ийн захирал Ш.Баярсайхан Нийслэлийн прокуроруудыг “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатаас авлига авсан хэмээн АТГ-т хандлаа

"Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбат нь Нийслэлийн прокуроруудад авлига өгч, хэргээ хаалгах гэж байна хэмээн "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан АТГ-т хандсан байна.

Энэ талаар түүний өмгөөлөгч О.Батсүх өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан нь өөрийг нь нэр бүхий этгээд залилсан үйлдлийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой гомдлыг АТГ-т гаргасан. Энэ гомдлыг дөнгөж сая АТГ-т өглөө. Ш.Баярсайхан нь 2016 онд Монголын томоохон компанийн үүсгэн байгуулагчид 20 тэрбум төгрөгөө залилуулсан. Энэ асуудал шалгагдаад анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэж, гэм буруутай этгээд хорих ял авсан. Улмаар Дээд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх асуудлыг үгүйсгээгүй, зөвхөн Ш.Баярсайхан гэдэг хүнээс авсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулсаныг шалга хэмээн прокурорт буцаасан. Гэтэл энэ хэрэг прокурорт буцаагдсанаас хойш дахин шүүх рүү шилжээгүй. Хэрэг нь замхарсан, удааширсан.

Мөрдөгч нь хэргийг хаах саналыг хэд хэдэн удаа гаргаад байгаа. Шалгагдаж байгаа хүн нь өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газарт олон жил прокурор хийсэн, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг авсан. Энэ хүн өмгөөлөгчөөр орж ирсэнээс хойш энэ хэрэг удааширч байгаа. Магадгүй хэргийг хянаж байгаа прокурор, хуулийнханд хууль бусаар нөлөөлж, авлига зуучилж, хэргийг замхруулж болзошгүй гэж хардаж, энэ асуудлыг болон нэр бүхий прокуроруудыг шалгуулахаар АТГ-т хандаж байна" гэлээ.