ТАЛИЙГААЧИЙН НАЙЗ: Гэмтлийн эмч нар сайн үзсэн бол өнөөдөр миний найз амьд байх магадлалтай байлаа /ВИДЕО/

ТАЛИЙГААЧИЙН НАЙЗ: Гэмтлийн эмч нар сайн үзсэн бол өнөөдөр миний найз амьд байх магадлалтай байлаа /ВИДЕО/

Өнгөрсөн аравдугаар сарын 30-31-нд шилжих шөнө бусдад зодуулсан иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиход эмч нар өвчин намдаах тариа дусал хйигээд  “Энэ хүн зүгээр байна” гээд явуулсан байдаг. Гэвч бэртэл авсан иргэн ГССҮТ-өөс гарч явахдаа буюу энэ явдлаас 10-аад минутын дараа нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

ВИДЕО: 

Энэ талаар талийгаачийн найз иргэн З.Ганжуур манай сайтад гомдол, санал  ирүүлсний дагуу хэргийг тодруулсан юм. Ингэхдээ бид хэн нэг эмч, эмнэлгийг буруутгах гэсэнгүй. Учир нь талийгаачийн найз буруутан хайсангүй. Зөвхөн тус эмнэлгийн үйлчилгээ түргэн тусламж цаашид сайжраасай эдгийг онцолж байсан юм. Ингээд хэргийн талаарх түүний яриаг хүргэе.

-Энэ харамсалтай хэрэг болох үед та хамт байсан гэсэн шүү дээ. Тухайн үед болсон үйл явдлын талаар ярьвал?

-Аравдугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01:40 минут орчимд талийгаач найз маань над руу залгаж "Асуудал гарлаа. Ирээд ав" гэсэн. Намайг түүн рүү очиж байх үед дахин нэг залгаж "Намайг хоёр залуу зодож байна" гэсэн юм. Намайг очиход хоёр залуу зодсон хэвээр байсан. Би энэ хугацаанд найман удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ачаалал ихтэй байна. Боломжгүй байна гэсэн. Тэр хугацаанд зодсон хоёр залуу нь зугатсан.

-Зодсон гэх хоёр залууг барьсан уу?

-Барьсан байна лээ. Одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэст хэргийг шалгаж байгаа.

-Анх очиход талийгаачийн биеийн байдал ямар байсан бэ. Түргэн тусламж буюу 103-т дуудлага өгсөн үү?

-Түргэн тусламж утсаа аваагүй юм. Талийгаач ил харагдах шарх бага, амнаас нь цус гоожсон, гар толгой нь гэмтэлтэй байсан.

-Тэгэхээр та хоёр өөрсдөө эмнэлэг, цагдаагийн газарт очсон гэсэн үг үү?

-Тиймээ. Хэрэг Сүхбаатар дүүрэгт болсон юм. Тэгээд бид Сүхбаатар дүүргийн II хэлтэст өөрсдөө очсон. Тэр үед манай найз дэд ахлагч цагдаа залууг гуйж “Ахын дүү 103 дуудаад өгөөч” гэсэн. Цагдаа тэр дор нь залгаж дуудсан. Энэ үед би болсон хэргийн талаар цагдаад мэдүүлэг өгч байсан. Тэгээд удаагүй гаднаас Яаралтай түргэн тусламжийн ажилчид орж ирсэн. "Танай найзыг аваад явлаа" гэж хэлээд ГССҮТ-рүү явсан.

-Талийгаач ГССҮТ-д ямар үзлэг шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн юм бол?

-Найз маань томографикийн зураг авахуулсан. Нэг удаа өвчин намдаах, хоёр удаа дусал тариа хийлгэсэн. 

-Эмч нь “Энэ хүн зүгээр байна” гэж хэлэхэд нь эмнэлгээс гарсан уу?

-Тиймээ. Хоёр цагийн дараа найзын минь томографикийн шинжилгээний хариу гарсан.  Эхнэр нь талийгаач найзыг маань дагуулаад нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд “Энэ хүн чинь зүгээр байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид талийгаачийг аваад Шүүх эмнэлэгт үзүүлэхээр явсан.

-Эмнэлгээс гарч явах үедээ биеийн байдал нь ямар байв. Мөн гаднаас харагдах байдал нь ямар байсан бэ?

-Харагдах байдлаасаа толгойн баруун тал хавдартай. Толгойн зүүн тал болон дух хэсэгт хавдартай. Амнаас нь цус гоожсон байдалтай байсан. Гэмтлийн эмнэлгээс гараад 10 орчим минут яваад машинаас бууж тав алхаад л нас барсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн гадаа очсон юм. Тухайн үед ямар ч түгжрэлгүй байсан учир уртдаа 10 минут л болсон. Эмнэлгээс гараад л нас барсан нь тухай эмнэлгийн эмч нарын хариуцлагагүйгээс болсон болов уу гэж бодож байна. Хэрвээ тэр эмч нар лавшруулаад үзэж, эмчилсэн бол талийгаачид амьд үлдэх магадлал байсан болов уу.  Одоо нэгэнт өнгөрсөн хүнийг бид босгож ирээд буцаан амилуулахгүйгээс хойш цаашдаа өөр хүмүүс магадгүй ийм асуудалтай эмнэлэгт ирвэл найдвартай үзээсэй, нарийн хараасай гэж хүсэж байна.

-Танд болон түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Түүнчлэн бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэргийг шалгаж байгаа учир  нарийн мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр өгөх болно” гэсэн юм. Харин ГССҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтнаас хэрэг явдлын талаар асуухад “Сонсоогүй, мэдээгүй байна” гэсэн юм.

Манай улс ганцхан гэмтлийн түргэн тусламж үзүүлэх эмнэлэгтэй. Улмаар эмч эмнэлгийн ачаалал ихтэй байдаг нөхцлийг үгүйсгэхгүй. Гэвч энэ мэт тохиолдолд хамгийн ноцтой нь хүний амь нас хохирч буй тул эмнэлгийн байгууллага үзлэг шинжилгээгээ сайн хийж байхыг анхааруулах, иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэхүү сурвалжилгыг бэлтгэн нийтлэв.

Мөн энэхүү харамсалтай хэрэг явдал “Эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль”-ийг зөрчсөн байж болзошгүй хардлага төрүүлээд байгаа юм. Тухайлбал тус хуулийн Хоёрдугаар бүлэг 4 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөлд,

4.1.4-т хүний амь насанд аюултай өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж гэж ерөнхийлсөн бол

11.2-т Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн баг үзүүлнэ хэмээжээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө