Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд Чингис хаан музейд “Чингис хаан-Өлзий хутаг” бүтээлээ өргөн барьжээ

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд Чингис хаан музейд “Чингис хаан-Өлзий хутаг” бүтээлээ өргөн барьжээ

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд Чингис хаан музейд “Чингис хаан-Өлзий хутаг” бүтээлээ өргөн барьжээ.

Тэрбээр энэ талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “2016 онд энэ зургийг зурах үед Чингис хаан нэртэй хаад язгууртны музей байгуулагдана гэж хэн ч мэдээгүй байсан шүү дээ. Тэгтэл одоо Монгол Улсад их эзэн хаанаараа овоглосон ийм сайхан музей нээгдэж байна. Үүнд миний бие ихэд олзуурхаж, энэ зургаа “Байх ёстой газраа байг” гээд аваад ирлээ” хэмээжээ.

Зотон даавуун дээр тосон будгаар урласан уг зурагт үүлэн хээг буулгасан нь дээрээс тэтгэсэн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн аж. Харин өлзий хээгээр өргөн дэлгэр эрдэм мэдлэг, арвин баян эд хөрөнгө, аз жаргал дэлгэрэхийг бэлгэдсэн байна 170x150 см-ийн хэмжээтэй энэхүү уран бүтээл нь Чингис хаан өнөөгийн Монголчууд бидний амьдралын өлзийтэй, сайн сайхан байх зам мөрийг өртөөлөн чиглүүлж өгсөн гэх ерөнхий утгыг агуулсан аж.

Сонирхуулахад, энэхүү зургийг зурж дууссаны дараахан Хөх хотын Орчин үеийн урлагийн нийгэмлэгийн дарга Жан Хай Бу үзэж сонирхоод “Таны энэ зургийг Өвөр Монголын Ордос дахь “Чингис хааны онгон” цогцолборт зохион байгуулагдах “Миний сэтгэгдэл Чингис хаан” үзэсгэлэнд оролцуулъя” хэмээн намайг урьсан байдаг. Хятад, Монголын уран бүтээлчдийн оролцсон тус үзэсгэлэнгээс “Чингис хаан-Өлзий хутаг” бүтээл үзэгчдээс хамгийн олон санал цуглуулж шилдэг бүтээлээр шалгарч байжээ.