ВИДЕО: Д.Сумъяабазарын зөвшөөрөлтэй барилгын жагсаалтад оруулсан МҮИС-ийн хууль бус дөрвөн барилгаас болж иргэд "УРД ЗҮГГҮЙ" болжээ

ВИДЕО: Д.Сумъяабазарын зөвшөөрөлтэй барилгын жагсаалтад оруулсан МҮИС-ийн хууль бус дөрвөн барилгаас болж иргэд "УРД ЗҮГГҮЙ" болжээ

iSee.mn сайт “Асуудлын өнцөг” буландаа Үндэсний их сургуулийн хууль бус барилгаас болж, тус хорооны зарим иргэд “УРД ЗҮГ”-гүй болоод байгаа асуудлыг хөндлөө.

Хамгийн ноцтой нь Үндэсний их сургуулийн хууль бус дөрвөн барилгуудыг 2021 онд хотын даргын захирамжаар “хууль зөрчсөн барилгын жагсаалт”-д оруулсан байдаг. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр хотын дарга Д.Сумъяабазар А/1296 тоот захирамж гаргаж “хууль бус барилгын жагсаалт”-ас хассан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт баримтын хамт ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО: 

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазарын зөрчилтэй барилгын жагсаалтаас гаргасан МҮИС-ийн хууль зөрчиж барьсан барилгаас үүдэж, иргэд хохирч байна. Тухайлбал, "Энигма" ХХК Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хууль бусаар дөрвөн барилга барихдаа ЭХЭМҮТ болон тус хэсэгт оршин суух 40 гаруй айлын орох, гарах автомашины хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Улмаар нийтийн эзэмшлийн замыг хашаалж тав дах хууль бус барилгын сууриа тавьж автомашины төлбөртэй граш барьж хашаандаа орох боломжгүй болсон иргэдээс мөнгө хураах асуудал ч үүсжээ. Бид энэ талаар БГД-ийн 18 дугаар хорооны ИХ-ын Төлөөлөгч Ү.Амартүвшинтэй ярилцсан юм.

Тэрбээр “Энигма ХХК” Үндэсний их сургууль гэх боловсролын нэрээр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хууль бусаар газар эзэмшдэг. Хууль бусаар барилга барьдаг энэ зөрчилтэй үйл ажиллагаа сүүлийн 8,9 жил тасралтгүй хэрэгжиж байна. Ингэхдээ хууль бус үйлдлүүд нь тодорхой хугацааны дараа хууль ёсных болж энд амьдардаг иргэд оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа асуудал үүсээд байгаа юм.

БГД-ийн 18 дугаар хорооны зөвшөөрөлгүй таван барилгын байршил

Тодруулбал, Энд амьдарч буй иргэд хашаандаа орж чадахгүй. Хогийн машин очих боломжгүй. Усаа ч авч чадахгүй байгаа. Иргэд усаа зам гарч урд талын худгаас авдаг байсан бол энэ дундуур явах зам нь байхгүй болсон. Тиймээс настай хүмүүс, хүүхдүүд МҮИХ руу ордог өндөр шатаар дээшээ хүнд ачаа бараа, ус зөөж авч гарахаас өөр аргаггүй нөхцөл үүссэн. Мөн уг 40 гаруй айлаас хэн нэг иргэний “бие өвдлөө түргэн тусламж дуудъя” гэхэд орох орц байхгүй. Гал гарлаа гэхэд галын машин орж гарах гарц байхгүй. Ийм түгжигдмэл, амьдрал нь боомилогдсон маш хүнд нөхцөлд иргэд амьдарч байна. Угтаа бол Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд тусгагдсан урд талаасаа ордог Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд гарц буюу зам байсан. Стандартдаа эмнэлэг дөрвөн гарцтай байх ёстой. Гэтэл энэ зам дээр дахин Л.Мөнхбат гэдэг хүн тав дах хууль бус барилгынхаа суурийг ухаж номын сан барина хэмээн хашаалсан. Бид энэ талаарх асуудлыг удаа дараа холбогдох байгууллагуудад тавьсан. Би ч их явсан. Гэвч ямар ч хариу байхгүй. Асуудал шийдэгдэхгүй өдийг хүрсэн талаар хэлж байлаа.

“Энигма" компанийн хууль зөрчиж барьж буй тав дах барилга 2022.10.26

Түүнчлэн “Энигма” компани номын сан барина хэмээн МҮИС, иргэн н.Хонгорзулын нэр дээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр барилга барьж буй уг барилгыг хашаалахдаа зай талбай хүрэлцээгүйн улмаас цахилгааны утас ил гаргасан ухсан нүхний ирмэгээр нимгэн томор хашаа тогтоосон. Баригдаж буй барилга усанд нэвчиж, мөстсөн гэх мэт ил зөрчил ч харагдаж байсан юм.

Мөн Ү.Амартүвшин уг барилгын хашааг автомашин мөргөж давсан осол, хүүхэд, эмэгтэй хүн унасан гэх харамсалтай тохиолдлууд хэд хэдэн удаа гарсан тухай дурдаж байсан бол тус хорооны оршин суугчид уг барилгын ажил дандаа оройн 10 цагаас хойш эхэлдэг. Шөнө хийнэ иргэд ухуулахгүй гэж эсэргүүцэхээр том биетэй залуучууд хамгаалалтад гаргадаг байсан. Эсэргүүцэлд манай хорооны нэг жирэмсэн охин замын хааж зогссон боловч том биетэй залуу авч шидсэн. Харин дараа нь амийг нь аврах гэж байхад над руу дайрсан гэж тэр залуу нь зодуулсан ирээд жирэмсэн охин хэд хоног хоригдсон хэрэг гарсан тухай хэлсэн юм.

Барилгын хашааг машин мөргөж осолдсон байдал

Мөн ИХ-ын Төлөөлөгч Ү.Амартүвшин “өчигдөр /2022.10.25/ “Улаан бал” нэвтрүүлгээр Лодойсамбуу сэтгүүлч “Энигма” компанийн захирал Мөнхбаттай ярилцлага хийж байна лээ. Лодойсамбуу сэтгүүлчид харамсаж байна. Зарим сайд дарга нарыг дуудаад ярилцлага авахаараа  арслан бар шиг ам хэлээ билүүдээд хамаг юмыг нь сугалчих гээд л дайраад яриад унагаж, мушгиад байдаг. Гэтэл өчигдөр Мөнхбатыг хархаараа сүү долоосон гөлөг шиг хамаг юмыг нь долоож яриад байх юм. Сэтгүүлзүй ийм хоёр нүүртэй байж болохгүй. Ч.Лодойсамбуу үнэхээр Үндэсний их сургуулийн асуудлыг ярих гэж байгаа  бол энд амьдарч байгаа иргэдийг эрх ашгийг яаж зөрчиж байгааг харах хэрэгтэй.  Энэ хэсэгт баригдаж байгаа хууль бус дөрвөн барилгын асуудлыг сөхөхгүй яасан юм. Монгол Улсад ганц байдаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үүдийг хааж нүх ухаад байна шүү дээ. Мөн хотын дарга Д.Сумъяабазарыг “Дугуй цагаан” гээд зайсан толгойн арын амыг хашаалж амралт сувиллын газар нэртэй залуучуудыг архидуулдаг нурж унах гэж байгаа хэдэн байшингаа буулгаж Улаанбаатар хотын иргэдийг агаар салхинд гардаг амтай болгосонд баярлаж байгаа. Тэрийг буулгасан гэх шалтгаанаар МҮИХ заавал зөвшөөрөлгүй дөрвөн барилгаа зөвшөөрөлтэй болгох гэж шантаач хийсэн юм уу. Тийм шаардлага тавьсан юм уу. Мэдэхгүй юм” гэж байлаа. 

БГД-ийн 18 дугаар хорооны айлууд руу урд зүгээс нь орох боломжгүй хаасан байдал 2022.10.26

Харин БГД-ийн 18 дугаар хорооны оршин суугч иргэдийн хэлж буйгаар “Бидэнд өнөөдөр юу хэрэгтэй вэ гэхээр зам л хэрэгтэй байна. Боловсрол нэрээр газрын асуудал сөхөж, зөвшөөрөлгүй барилгууд барихгүй байгаасай гэж хүсэж байна. Бид одоо гэртээ орох гэж, ах дүү нар маань ирэх гэж МҮИС-ийн зам хааж барьсан грашт машинаа тавихаас өөр аргаггүй. Ингэхдээ цаг тутас 2000 төгрөг төлдөг.

Иргэдийн гэртээ орох буюу МҮИС-ийн граш руу орох зам 2022.10.26

Түргэн тусламжийн машин дуудсан. Түргэний машин МҮИС-ийн урд зогссон. Хүүхдээ бариад зам сүлжиж сүлжиж авч ирээд хүүхэдтэйгээ эмнэлгийн машин руу орж байсан. Манай урд талын айлын нэг ах өнгөрөөд ажил явдал болоод гарахад зүг нь таарахгүй. Урагшаа гаргах ёстой байдаг. Энэ зам ингээд хаалттай. Тэгээд бас оршуулгад явахдаа шарилаа бариад энэ зам дээрээс машинд суугаад оршуулгад явсан. Энэ мэтчилэн иргэдийн амьдрах эрхэд маш их саад болж байна гэдгийг хэлмээр байна. Нийслэлээс албаны хүмүүс ирээд энэ барилгыг огт баригдаж болохгүй юм байна. Зөвшөөрлийг нь үзлээ шалгалаа гээд “Акт” гаргаад хүмүүст нэг түр зам гаргаж өгсөн байхгүй юу. Одоо тэр түр замаар л гарч орж байгаа болохоос биш бидэнд шууд гэр рүүгээ орох зам байхгүй” тухай ярьж байлаа.

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө