ШӨХТГ: Үүрэн телефоны компаниуд хэрэглэгчдэд татгалзах боломжгүй нөхцөл үүсгэн хураамж авч буй зөрчлүүдийг илрүүлжээ

ШӨХТГ: Үүрэн телефоны компаниуд хэрэглэгчдэд татгалзах боломжгүй нөхцөл үүсгэн хураамж авч буй зөрчлүүдийг илрүүлжээ

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) хяналт, шалгалт хийж хэд хэдэн зөрчил илрүүлжээ. 

Хяналт, шалгалтад үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийг хамруулахад дараах зөрчил илэрчээ.

Юнител ХХК 

  • Хэрэглэгч урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчийн хувьд нэмэлтээр идэвхжүүлсэн дата багцуудыг дууссан тохиолдолд дансан дахь нэгжээс хасагдах болон үйлчилгээний төлбөр хэдэн төгрөгөөр тооцох талаарх мэдээллийг хэрэглэгчдэд илгээдэггүй,
  • Хоногтой картаар нэг дор 2 удаа цэнэглэхэд нэгж нь нэмэгдээд хоног нь сунгагдахгүй, хоногтой нэгжээр цэнэглэхээр хоног дуусаагүй бол хоног нэмэгддэггүй.

Мобиком корпораци ХХК 

  • Дараа төлбөрт миний моби багц, хосолсон төлбөрт хайбрид (hybrid) багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг.

Жи мобайл ХХК нь

  • Дараа төлбөрт “Enjoy data” багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг,
  • Хэрэглэгчийн нэмэлт дата багцын ашиглах хугацаа, хэмжээ дуусаагүй зэргийг үл харгалзан хүчингүй болгодог,
  • Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлүүдэд хэрэглэгч гэрээг цуцлах санал тавих боломжгүйгээр тусгасан.

Скайтел ХХК нь

  • Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн дата багцын хэрэглээ дууссан тохиолдолд задгай дата хэрэглээнд шилжсэн талаар болон задгай датаг хэрхэн тооцох үнэ тарифын мэдээллийг өгдөггүй,
  • Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлд хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцлүүд тусгасан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар арга хэмжээ авч хариуг ирэх арван нэгдүгээр сарын 7-ны өдрийн дотор ирүүлэх талаар улсын байцаагчийн албан шаардлагыг зөрчил илэрсэн үүрэн телефоны оператор компаниудад хүргүүлжээ. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан дараагийн шатны арга хэмжээ авч авах аж.