БАРИМТ: Д.Сумъяабазар МҮИС-ийн "хууль зөрчсөн" гэх дөрвөн барилгыг "хууль зөрчиж баригдсан барилгын жагсаалт"-аас хасах ЗАХИРАМЖ гаргажээ

БАРИМТ: Д.Сумъяабазар МҮИС-ийн "хууль зөрчсөн" гэх дөрвөн барилгыг "хууль зөрчиж баригдсан барилгын жагсаалт"-аас хасах ЗАХИРАМЖ гаргажээ

Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт байрлаж байсан дугуй цагаан шавар гэрүүдийг хүчээр буулгасан асуудал нь Монголын Үндэсний их сургууль /МҮИС/ “Энигма “ХХК болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хороонд нэлээд зөрчил үүсгэж, энэ асуудал нэг хэсэг олны анхаарлыг татаад байсан.

ВИДЕО: 

Гэтэл дээрх үйл явдалтай зэрэгцээд МҮИС-тай хамаарал бүхий аж ахуй нэгж, иргэд нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн байршилд хууль зөрчиж, барилга барьж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгч байв.  Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "2021 онд Нийслэлийн Засаг даргын А/295 дугаар захирамжид барилгын норм дүрэм зөрчсөн, А даалгавар байхгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй компаниудын жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дөрвөн байршилд “Энигма” компани, МҮИС, иргэн н.Хонгорзулын нэр дээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр барилга барьж эхэлсэн. Энэ мэтээр тус "Энигма" ХХК нь хууль зөрчиж, хуулийг дэвсэлж сурчээ. Эдгээр хүмүүсийг хамгаалдаг, хамтарч ажилладаг улстөрчид, албан тушаалтнууд байна. Ийм нөхцөл байдлыг дахин гаргуулахгүйн төлөө тууштай тэмцэнэ" гэж мэдэгдэж байсан. 

Нөгөөтээгүүр, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн жил буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 19 /2021.04.19/-ны өдөр гаргасан А-295 дугаар захирамждаа "Хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагад нийцээгүй 22 иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж, эдгээр барилга, байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байдаг. Захирамжийг ЭНД ДАРЖ уншина уу.

Өөрөөр хэлбэл дээрх 22 аж ахуй нэгжийн жагсаалтад багтсан Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий аж ахуй нэгж, иргэний хууль зөрчиж барьсан дөрвөн барилга байгууламжийг албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг үүрэгдсэн байна. 

Гэтэл тэрбээр хэдхэн хоногийн өмнө барилгыг буулгаж, газрын эрхийг цуцлах хэмжээнд яригдаж байсан Үндэсний их сургуулийн хамаарал бүхий дөрвөн барилгыг "Хууль ёсных" гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай захирамж гаргасан байх аж.

Хотын дарга Д.Сумъяабазарын захирамж

Тодотговол, Хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 10-ны өдөр /2022.10.10/ “бүрэн эрх”-ийнхээ хүрээнд хэмээн Захирамжийн хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захирамж гаргажээ. Тус захирамжид "Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн  А/295 дугаар захирамжийн хавсралтаар баталсан жагсаалтын 1, 2, 3, 9, 10 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай" гэжээ. Захирамжийг ЭНД ДАРЖ уншина уу.

Өөрөөр хэлбэл тэрбээр Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий

  1. Загвар зураг батлагдаагүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн. 746 м.кв талбайг 2204 м.кв болгон дур мэдэн томруулан, давхар нэмж барилга угсралтын ажил гүйцэтгэсэн гэх МҮИС-ийн газар доорх гараашийн барилга
  2. Загвар зураг батлагдаагүй байхад барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн. 140 м.кв талбайг 265 м.кв болгон дур мэдэн тодруулан барилга угсралтын ажил гүйцэтгэсэн гэх Л.Хонгорзулын номын сангийн барилга /МҮИС-ийн хамаарал бүхий/
  3. Загвар зураг батлагдаагүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн. 746 м.кв талбайг 816 м.кв болгон барилгажих талбайг дур мэдэн томруулсан гэх Л.Мөнхбатын орон сууцны барилга
  4. Загвар зураг, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн. Түүнчлэн эдэлбэр газраас хэтрүүлсэн. Эдэлбэр газрыг МҮИС нь худалдан авсан гэх "Өлзийт интертрейд" ХХК-ийн орон сууцны барилгыг Хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагыг зөрчиж барилга барьсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалтаас гаргажээ.

Товчхондоо Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хууль зөрчиж баригдсан улмаар барилгыг буулгах, газар эзэмших эрхийг цуцлах хэмжээнд арга хэмжээ авах захирамжаасаа Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий дөрвөн барилгыг “сугалж”, хууль зөрчөөгүй болгох захирамж гаргасан байна.

Энэ бүхнээс харахад хотын дарга Д.Сумъяабазар Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт байрлаж байсан Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий “Энигма” ХХК-ийн шавар гэрүүдийг хүчээр буулгасан асуудлаа дээрх дөрвөн барилгын эрхийг сэргээснээр хаасан уу, эсвэл тэрбээр эрх ашгийн  сонирхлын үүднээс хууль зөрчиж баригдаж байгаа гэх дөрвөн барилгыг хүлээн зөвшөөрөв үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Ямартай ч Улаанбаатар хотын 1.6 сая иргэний төлөө, хуульд заасан чиг үүргийн хүрээнд оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ хэмээж байсан Хотын удирдлагууд ийнхүү “Энигма” ХХК-ийн эрх ашгийг иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьжээ.