ТЦА: Хоёр хүүхдийн нэг нь эмнэлгийн тусламж авч эмчлүүлж байна

ТЦА: Хоёр хүүхдийн нэг нь эмнэлгийн тусламж авч эмчлүүлж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин эсрэг урсгал сөрж долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан нь олны анхаарлын төвд байна. Иймд энэ осолтой холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ТЦА-ны мөрдөн шалгах газрын дарга, хурандаа С.Буянжаргал,2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоох замд автомашин мөргөлдөж хүний амь нас, эрүүл мэнд хохирлоо гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.Энэ дагуу хэргийн газрын хамгаалалт үзлэг шалгалт хийсэн. Цагдаагийн албан хаагчдыг очиход “Олимп” хотхоны хойд замд тухайн өдрийн орой 18:46 цагт Ланд Круйзер-200” маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашин мөргөж, улмаар зам дагуу явж байсан 12 настай С, Э нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Тухайн гэмт хэргийг ТЦА-ын мөрдөн шалгах албаны мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Ослын ерөнхий бичлэг цахим сүлжээнд цацагдсан.  Тухайн тээврийн хэрэгслийг урьдчилсан байдлаар 29 настай М жолоодож явсан нь тогтоогдсон. Түүний найз залуу Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон.

Мөн тухайн жолоочийн ар талд хууль хяналтын байгууллагынхан байна гэх мэдээлэл ташаа. Ямар ч ийм асуудал байхгүй гэдгийг мэдэгдэж байна.  Жолоо барьж явсан М гэгч эмэгтэйгийн тухайд овог нь манай дотоодын цэргийн штабын дарга,бригадын генерал Чингистэй адилхан байсан нь хардлага олон нийтэд төрсөн байна. Зам дагуу гарч явсан хоёр хүүхдийн нэг нь эмнэлгийн тусламж авч эмчлүүлж байна. Хүүхдүүдэд шүүх шинжилгээний ажилтан томилсон, эмчилгээний нөхцөл байдал шинжилгээний дүгнэлтэд үндэслэн дахин шинжилгээ хийлгэх хүсэлт тавьж байна. Одоогийн байдлаар эмнэлэгт нэг хүүхдийн биеийн байдал тогтвортой, эмчилгээ хийлгэж байна. Мөн нэг хүүхэд эмнэлгээс гадуур эмчилгээ хийлгэж биеийн байдал нь тогтвортой байна” гэлээ.