Хөгжлийн банк /ХБ/-наас зээл авсан зарим аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж, иргэд хохирох эрсдэл үүсээд байгаа асуудлыг бид сурвалжиллаа.
ВИДЕО:
-ХӨГЖЛИЙН БАНК АЙЛУУДЫГ “БАЙРАА СУЛЛАЖ ӨГӨХ” ШААРДЛАГЫГ УДАХГҮЙ ХҮРГҮҮЛНЭ-
Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт орших “Өгөөмөр хотхон"-ы хоёрдугаар ээлжийн 74а байрыг барихын тулд "Мавангүй" ХХК нь 2018 онд Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэвч тухайн компани нь зээлээ төлж барагдуулахгүй, улмаар “Өгөөмөр хотхон"-ы 73а байрны 45 айлын орон сууцыг Хөгжлийн банкны нэр дээр шилжүүлж, өрөө төлөхөөр болжээ.
Гэвч "Мавангүй" ХХК нь Хөгжлийн банкны нэр дээр шилжүүлж, ордерыг нь гаргаж өгсөн орон сууцуудыг иргэдэд бартер болон бэлэн мөнгөөр давхар худалдсан байсан нь саяхан ил болсон байна.
Тиймээс эл асуудлыг зарим оршин суугчид мэдсэн учир "Дараагийн баригдаж байгаа 74а барилгад шинээр байр өгч, ордерыг нь гаргаж өгнө" гэх тайлбарыг хийжээ. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн компани нь 74а гэх дараагийн барилгаа ч мөн бүрэн худалдан борлуулаад байгаа аж. Гэтэл “Өгөөмөр хотхон"-ы 73а байрны 45 айлын орон сууц Хөгжлийн банкны нэр дээр шилжсэн учир тус банкнаас дээрх айлуудыг “Байраа суллаж өгөх” шаардлагыг удахгүй хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас зээл авсан "Мавангүй" ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж иргэд байрны төлбөрөө бүрэн төлсөн ч орох оронгүй болох асуудал үүсээд байгаа юм.
Хөгжлийн банкны өрөнд өгсөн орон сууцаа иргэдэд давхар худалдан борлуулсан "Мавангүй" ХХК-ыг Г.Ганчимэг, Г.Гантулга гэх эгч, дүү хоёр эзэмшдэг байна. Компанийн гүйцэтгэх захирлаар Г.Ганчимэг ажиллаж, байгууллагатай холбоотой бүх шийдвэрүүдийг гаргадаг аж. Харин Г.Гантулга нь менежерээр ажилладаг. Харин “Өгөөмөр хотхоны II ээлжийн төсөл”-ийн удирдагчаар Ж.Ганбаатар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-г “Мавангүй” ХХК-тай байгуулсан байна.
Улмаар тэд 2018 онд Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч зээлээ төлж барагдуулаагүй тул 73а байрны 45 айлын орон сууцыг Хөгжлийн банкны нэр дээр шилжүүлсэн ч тэдгээр орон сууцнуудаа иргэдэд давхар худалдан борлуулсан байгаа юм.
-ОРОН СУУЦ БАРИХААР АВСАН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ АВТОМАШИН ЗЭРГИЙГ ХУДАЛДАН АВЧ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖЭЭ-
Орон сууц худалдан авсан төлбөрөө бүрэн төлсөн иргэдийн ийнхүү орох оронгүй болох эрсдэлд оруулаад байгаа тухайн компани нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж, автомашин зэргийг худалдан авсан байсан гэх мэдээлэл ч байна. Нөгөөтэй, “Өгөөмөр хотхоны II ээлжийн төсөл”-ийн удирдагчаар ажилласан Ж.Ганбаатар нь “Мавангүй” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад тус банкны эрх бүхий албан тушаалтанд нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Ямартай ч гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авсан “Мавангүй” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж иргэд хохирох эрсдэл үүсээд байна.