Явган хүний гарцаар гарч явсан бага насны хүүхдийг автомашин дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг өчигдөр /2022.10.16/ гарсан байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:10 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Монгол алт”-ны уулзварт “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд суух 44 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Мицубиши маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай, эрэгтэй “Г”-г дайрч, амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдэж шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Ачааны тээврийн жолооч осол гарах үед согтуурах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлээд байна. Иймд иргэд та бүхнийг хараа хяналтгүй зорчуулахгүй байх. Автомашин жолоодож хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.