Украины цэрэг, дайны улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй болсон Оросын тамирчид иргэншлээ солин, гадаад орны нэрийн өмнөөс өрсөлдөх болсон.
Тэгвэл ОХУ-ын Якутын модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцож байгаа аж. Тэрбээр энэ талаар “Би “Miss Grand International” уралдаанд Монголыг төлөөлөн, оролцох боллоо. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан юм. Ийм боломж олгосонд баярлалаа” гэж бичжээ.
Мөн тэмцээний танилцуулгад “Би Оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би уралдаанд Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж ярьсан байна. “Miss Grand International” тэмцээн одоо Индонезид болж байгаа. Финалын уралдаан энэ сарын 25-нд болох аж.