БАРИМТ: Жирэмсэн ээжээр бизнес хийдэг гэх "Өргөө" амаржихын албаны дарга С.Мөнхзул “Сэцэнгоо”, Дэд дарга О.Баянжаргал “Бүрэн мед” эмнэлэгтэй байна

БАРИМТ: Жирэмсэн ээжээр бизнес хийдэг гэх "Өргөө" амаржихын албаны дарга С.Мөнхзул “Сэцэнгоо”, Дэд дарга О.Баянжаргал “Бүрэн мед” эмнэлэгтэй байна

"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан зэрэг үндэслэлээр энэ сарын 13-ны /2022.10.13 /өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

ВИДЕО: 

Тэгвэл тус эмнэлгийн дарга асан Ж.Энхцэцэг нь "Би амаржих газрыг тойрсон эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүдийг ажиллуулж буй "Өргөө" амаржих газрын дэд захирал, чанарын албаны дарга, бусад эмч нарын орлогыг хаасан. Мөн улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэн хувийнхаа эмнэлэг рүү илгээж төлбөр авдаг байдлыг зогсоосон" нь намайг ийнхүү ажлаас чөлөөлөхөд нөлөөллөө" гэдгийг тодотгосон.

Хэдийгээр хэн боловч хувийн бизнес эрхлэх эрхтэй ч жирэмсэн эхчүүдийг гарцаагүй байдалд оруулж, хувийн эрх ашгийн үүднээс өөрийн хамаарал бүхий эмнэлэгтээ үзүүлэхийг зөвлөж, ашиг орлого олдог байж болохгүй юм. Тиймээс бид "Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэгийн дээр өгүүлсэнчлэн тус эмнэлгийн дэд захирал, чанарын албаны дарга нар чухам ямар хувийн эмнэлэг ажиллуулж ашиг орлого олж, жирэмсэн эхчүүдийг чирэгдүүлдэг байв гэх асуудлыг сурвалжиллаа.

-"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН АЛБАН ДАРГА НЬ "СЭЦЭНГОО" ХУВИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛУУЛДАГ БОЛ ДЭД ЗАХИРАЛ НЬ "БҮРЭН МЕД" ЭМНЭЛЭГТЭЙ БАЙНА-

Нэгдүгээрт, “Өргөө” амаржих газрын Чанарын албаны дарга С.Мөнхзул нь тус эмнэлгийн зүүн талд байрладаг “TG” төвийн хоёрдугаар давхарт “Сэцэнгоо” гэх эмэгтэйчүүдийн эмнэлгийг ажиллуулдаг байна. Тус эмнэлгийг В.Алтанцэцэг гэх хүн удирддаг бол компанийн эцсийн өмчлөгчөөр С.Мөнхзул гэж бүртгэгджээ. Тэрбээр “Өргөө” амаржих газарт Чанарын албаны даргаар ажиллахын зэрэгцээ “Сэцэнгоо” эмнэлэгтээ үзлэг, оношилгоо хийдэг байна. Энэ талаарх мэдээлэл ч тус эмнэлгийн танилцуулга дээр байсан нь дээрх мэдээллийг бататгаж байгаа юм.  “Сэцэнгоо” эмнэлэг нь 2018 онд эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан нь НМХГ-ын шалгалтаар илэрч байжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

УБЕГ-ын мэдээлэл

Хоёрдугаарт, “Өргөө” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баянжаргал нь Нэгдүгээр төрөх эмнэлгийн баруун талд байрладаг “UBH” төвд “Бүрэн мед” эмэгтэйчүүдийн эмнэлгийг ажиллуулдаг аж. Тэрбээр 2017 оноос тус эмнэлгийг удирдаж байсан бөгөөд өнгөрсөн жил буюу 2021 оны гуравдугаар сард Т.Содбилгүүн гэх хүнд удирдлагын ажлаа шилжүүлсэн байна.

УБЕГ-ын мэдээлэл

Гуравдугаарт, “Өргөө” амаржих газрын Үйлдвэрчний хорооны дарга Д.Өнөржаргал нь “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт дурангийн мэс заслын чиглэлээр давхар ажилладаг аж.

Төрийн албаны тухай хуулийн:

  • 38 дугаар зүйлийн нэгийн долдугаар зүйл: хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалын ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох;
  • 38 дугаар зүйлийн нэгийн зургадугаар зүйл: багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх;
  • 37 дугаар зүйлийн нэгийн 17 дугаар зүйлд: үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч хувийн эмнэлэг байгуулаад түүндээ өөрөө ажилладаг байж болохгүй. Зөвхөн багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхийг л зөвшөөрдөг гэсэн үг юм. Нөгөөтээгүүр дээрх эмнэлгүүд нь “Өргөө” амаржих газарт хийдэг шинжилгээг өөрийн эмнэлэгтээ төлбөртэйгээр авч, улмаар “Өргөө” амаржих газрын лабораторид шинжилдэг байсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.