"Цагдаагийн ажилтан байна" хэмээн хуурч бага насны хүүхдүүдийг сургуулиас нь авч гарахыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Налайх дүүргийн харьяат 16 настай эмэгтэй А гэгч нь өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 7-ны өдөр 16 цагийн орчимд ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 12 настай гурван сурагчийг хуурч, сургуулиас нь дагуулж явахыг завдсан хэрэг гарсан байна.
А гэгч нь өөрийгөө "Цагдаагийн ажилтан байна. Хэлтэс дээр аваачиж мэдүүлэг авна" хэмээн худал хэлж, сургуулиас нь авч гарахыг завджээ. Харин уг асуудлыг сургуулийн менежер нь мэдэж, улмаар тухайн этгээдээс бичиг баримтыг нь шаардсан аж. Гэтэл А гэгч нь "Автомашинаасаа бичиг баримтаа авч ирнэ" гэж гараад зугтсан аж. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд дээрх эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ташрамд өгүүлэхэд, 16 настай А гэгч нь өмнө хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдэж, улмаар цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байсан аж.