ВИДЕО: “Ажиллаж эхэллээ” гэж рекламдаад байсан Тавантолгой түлшийн "НҮҮРС ХАТААГЧ" ирээгүй байгаа тул иргэд дахин нойтон нүүрс түлж, агаарын бохирдол гамшиг болох нь

ВИДЕО: “Ажиллаж эхэллээ” гэж рекламдаад байсан Тавантолгой түлшийн "НҮҮРС ХАТААГЧ" ирээгүй байгаа тул иргэд дахин нойтон нүүрс түлж, агаарын бохирдол гамшиг болох нь

Сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр одоогоос 2 жилийн өмнө нээлтээ хийсэн билээ. Гэвч ковид цар тахлын улмаас үйлдвэрийн тоног төхөөрөмж орж ирээгүй гэх шалтгаанаар өнгөрсөн жил /2021 он/ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй.

Эл асуудлаас шалтгаалж өнгөрсөн өвөл нийслэлчүүд нойтон түлш түлж, энэ хэрээрээ агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байсан. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны долдугаар сарын 13-ны өдөр /2022.07.13/ “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр дээр ажиллах үеэрээ “Сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг наймдугаар сарын нэгний өдөр гэхэд хэвийн горимд оруулахад онцгой анхаарал хандуулж ажиллах”-ыг үүрэг болгосон байдаг. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу тус үйлдвэрийг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ гэх мэдээллийг өнгөрөгч наймдугаар сарын 1 /2022.08.01/-ний өдөр  өгч байв. Гэтэл сайжруулсан шахмал түлшний "Зүүн бүсийн үйлдвэр" өнөөдөр ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Тиймээс бид энэ асуудлыг газар дээрээс нь сурвалжиллаа.

ВИДЕО:

 

-“СИ ЭМ ПИ АЙ” ХХК 90 ХОНОГИЙН ДОТОР ДОЛООН ХАТААГЧ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОРУУЛЖ ИРЭХЭЭР ГЭРЭЭЛЖ БАЙЖЭЭ-

“Тавантолгой түлш” ХХК 2021 оны гуравдугаар сарын 9-ны өдөр 6.2 тэрбум төгрөгөөр сайжруулсан шахмал түлшний долоон хатаагч тоног төхөөрөмж худалдан авах тендерийг анх зарлажээ. Уг тендерт “Си Эм Пи Ай” ХХК шалгарч, 90 хоногийн дотор долоон хатаагч тоног төхөөрөмж оруулж ирэхээр гэрээлсэн байна. Гэвч “Си Эм Пи Ай” ХХК нь тендерт шалгарсан даруйдаа ковидоос шалтгаалж хил гаалийн асуудлаас болж тоног төхөөрөмж оруулж ирж чадахгүй байна гэх тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүрчээ.

-ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Ж.БАЯРЖАРГАЛ: “СИ ЭМ ПИ АЙ” ХХК-ИЙН ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭРЭЭН ДЭЭР ИРСЭН БАЙГАА-

Тиймээс эл асуудлыг бид “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер Ж.Баяржаргалаас тодрууллаа.

-Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж өнөөдрийг хүртэл бүрэн орж ирээгүй байна гэдэг мэдээлэл байна. Та үүнд хариулт өгөөч?

-Манай компанид хатаагч тоног төхөөрөмж нийлүүлэхээр “Си Эм Пи Ай”  ХХК тендерт шалгарсан. Энэ компани тоног төхөөрөмж нийлүүлэлт дээрээ нэлээд хугацаа алдаж байгаа нь үнэн. Эхний байдлаараа хоёрдугаар цехийн хоёр хатаагч сая наймдугаар сарын 27-ны өдөр орж ирсэн. Үүний суурилуулалтыг тус компанитай хамтраад  хийгээд явж байна.

-Үлдсэн тоног төхөөрөмжүүд нь хэзээ орж ирэх юм бол?

-Аравдугаар сарын 15 гэхэд хоёрдугаар цехээ бүрэн хүчин чадлаар нь залгахаар төлөвлөөд явж байна. Манай үйлдвэрийн тухайд гуравдугаар үйлдвэр хоёр шугамаараа хэвийн хатаагчтайгаа явж байгаа. Харин хоёрдугаар үйлдвэр нь аравдугаар сарын 15, нэгдүгээр үйлдвэр нь 11 дүгээр сарын нэгний өдрөөс бас гурван хатаагчтайгаар орохоор ажиллаж байгаа.

-Одоо ямар ямар тоног төхөөрөмж ирж байж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үү?

-Наад талын хоёр үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрийн хашаанд ирсэн. Нэг хатаагч нь дутуу байгаа. Хил дээр хоёр машин хүлээгдээд явж байгаа. Цаад талын үйлдвэрийн хатаагчийг БНСУ-ын "Жел машинер" гээд компанийн зөвлөмжөөр босоо хатаагч суурилуулахаар “Түмэн төмөрт” компани дээр угсралтыг нь хийгээд явж байна. Энэ нь арваннэгдүгээр сарын нэгний өдөр гэхэд дуусна. Ингээд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болно.

-Нэг хатаах машин нь хил дээр байгаа гэж байна. Энэ машин нь яагаад орж ирэхгүй байгаа юм бол. Шалтгаан нөхцөлийг нь тогтоосон уу.  Яг хэзээ орж ирэх юм бол?

-Энэ нь сая хил гааль хаасантай холбоотойгоор Эрээн дээр ирсэн гээд байгаа. БОАЖ-ын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайдыг үйлдвэр дээр ирэхэд бид энэ асуудлыг уламжилсан. Үүн дээр тусламж авахад үлдсэн нэг хатаагч нь ороод ирэх байх гэх хариултыг өгсөн юм. 

“-СИ ЭМ ПИ АЙ” ХХК НЬ БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ БӨГӨӨД ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ НЬ HAO YONGQING ГЭХ ХЯТАД ИРГЭН БАЙДАГ АЖ-

“Си Эм Пи Ай” ХХК 2021 оны тавдугаар сард 6.2 тэрбум төгрөгөөр сайжруулсан шахмал түлшний долоон хатаагч тоног төхөөрөмж оруулж ирэх тендерт шалгарсан ч өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжүүдээ бүрэн оруулж ирээгүй байгааг албаныхан ийнхүү баталлаа. Гэтэл нөхцөл байдал ийм атал Ц.Даваацэрэн захиралтай "Тавантолгой түлш" ХХК наймдугаар сарын нэгний өдөр үйлдвэр бүрэн ашиглалтад орсон хэмээн яагаад худал мэдээлэв. Энэ бүх хариуцлагагүй байдлаас үүдэж, энэ өвөл нийслэлчүүд өнгөрсөн жилийнх шиг нойтон түлш түлж, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч магадгүй байна.

Тэгвэл 1.5 сая хүн амтай нийслэлчүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, гэрээ ёсоор шахмал түлшний хатаагч тоног төхөөрөмжүүдийг бүрэн оруулж ирэхгүй байгаа “Си Эм Пи Ай” ХХК хэний эзэмшлийнх вэ гэдгийг тодрууллаа. Тус компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани аж. “Си Эм Пи Ай” ХХК-ийн захирлаар Д.Алтангэрэл гэх хүн ажилладаг бол компанийн хувьцаа эзэмшигчээр Д.Мөнхтогтох, Д.Мөнхнасан, Д.Алтангэрэл, БНХАУ-ын иргэн Kang Jiade, Hao Yongqing нар бүртгэгджээ. Харин компанийн эцсийн өмчлөгч нь Hao Yongqing гэх Хятад иргэн байна.