УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Зам тээврийн дэд сайд асан одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 5-ны өдөр /2022.10.05/ АТГ-аас баривчилсан нь олны анхаарлыг татаад байгаа.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудснаа "Намайг 70 тэрбумын хөрөнгөтэй, мөнгөтэй гэж сэвжээ. Мөнгө хүссэн нэгэнд Ерөөл ч юм шиг мөрдөгдөж шалгуулж байгаа надад хараалч юм шиг. Нуугаад байх хөрөнгө бас мөнгө үгүй. Харин зээл болон байгаа хөрөнгөө Хууль журмынх нь дагуу ХОМ-д тусгасаар ирсэн. 90-ээд оны ганзагын наймаанаас эхлээд олон төрлийн арилжаа наймаа хийсэн маань бас үнээн. 70 тэрбум битгий хэл 7 тэрбум ч алга. Үнэн үнэнээрээ гарна биздээ…" гэжээ.
Ташрамд өгүүлэхэд, түүнийг Зам, тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шалтгаанаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд уг асуудалтай холбоотойгоор саатуулсан бөгөөд түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа аравдугаар сарын 07-ны орой дуусаж, тэрбээр суллагдсан. Харин прокуророос дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих санал гаргаж, улмаар шүүхээр тус асуудлыг хэлэлцэх үед тэрбээр шүүгчээс татгалзсан байдаг. Уг асуудлыг ирэх даваа гараг /2022.10.10/-т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх юм.