Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй зээлдэгч нарын асуудал дахин хөндөгдөж эхлэв. Гэхдээ хууль тэгш бус ашиг сонирхлын зөрчлөөр хандаж байгаа дүр зураг харагдав. Тухайлбал, Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутгагдсан Ж.Батзанданг цагдан хорилоо. Харин түүнээс 10 дахин их зээл авсан, шүүх хурлыг 13 удаа хойшлуулаад буй 163 тэрбум төгрөгийн зээлдэгч "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын асуудлыг одоо хэр ярихгүй байна.
Б.Эрдэнэбат нь Хөгжлийн банкнаас 163 тэрбум төгрөгийн зээл аваад нэг ч төгрөг төлөөгүйгээс гадна иргэн Ш.Баярсайханыг хууран мэхэлж, худал бичиг баримт бүрдүүлэн 20 тэрбум төгрөг залилсан асуудлыг ч хэвлэлийнхэн ил болгосоор байна.
Энэ хэрэгт прокурорууд авлига авсан байж болзошгүй асуудлыг хохирогчийн зүгээс ярьж, Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь прокурорын байгууллагад олон жил ажилласнаас гадна хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Э, Нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд болон орлогч Энхжаргал нартай хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой. Тиймээс Нийслэлийн Ерөнхий прокурор болон орлогч нарын зүгээс энэ хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж, 20 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг хаах үүрэг даалгавар өгч байгаа гэх хардлага төрж байгаагаа хэлсэн.
Гэтэл Улсын Ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорууд ч мэдээлэл өгөхгүй таг гүрийсээр. Үнэхээр хохирогчийн яриад байгаа шиг авлига аваагүй бол яагаад мэдээлэл өгөхөөс татгалзаж, ямар холбоотой сүлбээтэй, ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох гэж буйгаа тайлбарлаж чадахгүй байгаа юм бэ.
Үнэхээр Б.Эрдэнэбатын “Миний ард сайд дарга нар бий” гэх үг үнэний ортой юу. Хохирогчийн хэлсэн шиг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Б.Эрдэнэбатыг өмгөөлж хаацайлаагүй л бол авлига авсан гэх прокуроруудын асуудалдаа тайлбар өгч, хэргийг үнэн зөв шийдэхийг олон нийт харж байна.
Сануулахад, Б.Эрдэнэбат иргэн Б-гийн 20 тэрбум төгрөгийг 2016 онд дараах байдлаар залилан авсан байдаг. Тодруулбал, “Эрэл” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх, газар, үйлдвэр, орлого, инженерийн шугам сүлжээ зэрэг хөрөнгөнүүдийг барьцаална гэж хууран мэхэлсэн. Гэтэл дээрх бүх хөрөнгөнүүд нь Хөгжлийн банкны барьцаанд байсныг нуусан. -БҮК гэх компанийн 20 хувийн хувьцааг эзэмшүүлнэ гэж хуурсан. Бодит байдалд тийм компани улсын бүртгэлт огт бүртгэлгүй болох мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. -Мөн мөнгө залилж авахдаа өөрийгөө “Эрэл” компанийн эзэн, ТУЗ-ийн дарга гэж хуурсан болох нь тогтоогдсон. Гэтэл бодит байдал дээр Эрдэнэбат нь “Эрэл” ХХК-нд 1 ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй, ямар ч албан тушаалгүй, тэр ч бүү хэл “Эрэл” ХХК-нд ТУЗ ч гэж байдаггүй болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. -Хохирогч Б-гээс залилсан 20 тэрбум төгрөгийг хувьцаа ашигласан, хүүхдүүд рүүгээ “буян дааж амьдраарай” гэж тэрбум, тэрбумаар шилжүүлсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмээн хохирогчид мэдээлээд байна. Гол нь 2016 оноос хойш 6 жилийн хугацаанд 20 тэрбум төгрөгөөсөө нэг ч төгрөгийг эргүүлэн төлөөгүй аж.
ЭХ СУРВАЛЖ: UBN.MN