АТГ: Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Дарханы замтай холбоотойгоор шалгаж байсныг тэрбээр мэдэж байсан /LIVE/

АТГ: Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Дарханы замтай холбоотойгоор шалгаж байсныг тэрбээр мэдэж байсан /LIVE/

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч шөнө Зам, тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа. Харин түүнийг саатуулсан талаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийн төрсөн дүү УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг оффшорчдыг хамгаалдаг хүн болсон. У.Хүрэлсүх өөрийгөө Монголын хаан гэж бодож байна" гэгчлэнгээр мэдээлэл хийж, улмаар энэ талаар ярьсан учир ахыг нь АТГ-аас саатуулсан гэдгийг онцолсон. Тэгвэл бид эл асуудлыг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

ВИДЕО: 

Тэрбээр "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Дарханы замын тендер сонгон шалгаруулалтын явцтай холбоотой хоёр хэргийг шалгаж байгаа. Нэг дэхь нь 2020 онд Азийн хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийгдсэн багцтай холбоотой хэрэг, нөгөөх нь 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийгдэж байсан зам барих багцын ажил. Эдгээр  дээр хэрэг нээн шалгаж байгаа. Тендерийн баримт бичиг материал боловсруулах, мөн тендер сонгон шалгаруулахад олгогдсон санхүүжилтийг хэрхэн зарцуулсан зэрэг байдалд шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Энэ хүрээнд Зам, тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг шалгаж байсан. Тэрбээр үүнийг мэдэж байсан. Тодорхой хугацаанд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжиглэн баривчлах нөхцөл байдал тогтоогдсон учир прокурорын хяналт дор хуулийн хүрээнд түүнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ахыг нь саатуулсан асуудлыг улс төртэй холбоотой гэх утгатай зүйлийг өчигдөр хэлсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлтэй юу гэдгийг лавлахад "Мөрдөн шалгах ажиллагаа нь шалгалтын ажиллагаанд цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэж үндэслээд тодорхой төлөвлөлт гаргаад үүнийгээ хүрээнд ажилладаг. Түүнээс бус ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдолгүй, нотлох баримт цуглараагүй байхад хэн нэгнийг шалгадаггүй. Хэргийн бүх процесст прокурор хяналт тавьж явдаг.

Тэгэхээр үүнд хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөн Авлигын эсрэг хуульд АТГ-ын үйл ажиллагаанд нэг нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно" гээд хуульчлаад өгсөн байдаг.

АТГ хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын хяналт дор явуулж байгаа. Харин энэ бүх үйл ажиллагааг олон нийтэд буруу байдлаар мэдээлж байгаа нь өөрөө авилгын эсрэг хуулийг зөрчиж байгаа үйл юм" гэлээ. 

Ташрамд өгүүлэхэд, Дарханы замын асуудалтай холбоотойгоор 10 гаруй албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд үүнээс найман албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байгаа бөгөөд гурван хүнд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн нэг этгээдийг сэжигтнээр татан цагдан хориод байгаа юм.