ШӨХТГ: МҮИС-ийг таван сая төгрөгөөр торгосныг эсэргүүцсэн тул хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ

ШӨХТГ: МҮИС-ийг таван сая төгрөгөөр торгосныг эсэргүүцсэн тул хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын үндэсний их сургуулийг туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэлээр таван сая төгрөгөөр торгож, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлжээ.

Тодруулбал “Монголын хамгийн том их сургууль” гэсэн зар сурталчилгааг өөрийн сургуулийн фейсбүүк хуудас болон хот доторх зарим чиглэлийн нийтийн тээврийн автобуст байршуулсан зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан.” гэж заасныг зөрчсөн тул “Монголын үндэсний их сургууль” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Харин Монголын үндэсний их сургууль уг шийтгэлийг эсэргүүцэж нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Монголын үндэсний их сургуулийг эрх бүхий байгууллагаас “Монголын хамгийн том их сургууль” гэж тодорхойлоогүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан шийтгэл үндэслэлтэй, тус сургуулийг Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн зар сурталчилгаа явуулсан гэж захиргааны хэргийн шүүхээс үзжээ.

Улмаар Монголын үндэсний их сургууль шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шийтгэл оногдуулсан торгууль 5.000.000 төгрөгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн сан банкин дахь дансанд 2022 оны  есдүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх журмаар төлж барагдуулжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх хууль зөрчсөн зар сурталчилгааг өөрийн фэйсбүүк хуудас болон бусад хэлбэрээр түгээхгүй байх, зар сурталчилгааг зогсоох, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй зурагт хуудсыг авах зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа аж.

Иймд Монголын үндэсний их сургуульд хүргүүлсэн албан даалгаврыг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх хүсэлтийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.