ШУУРХАЙ: Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хүмүүст тав хүртэл жилийн хорих ял төлөвлөсөн шүүх хурал хойшилжээ

ШУУРХАЙ: Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хүмүүст тав хүртэл жилийн хорих ял төлөвлөсөн шүүх хурал хойшилжээ

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан таван хүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байдаг.

М.Өнөржаргал, С.Баатар, Г.Болдбаатар, Г.Нэргүй, М.Чинтэнгэр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр  /2022.09.26/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хурал хойшилсон байна. Уг хэрэгт өмгөөлөгч асан Б.Баасанцогт гэрчээр оролцохоор болсон.

Прокуророос дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэг, 20.4-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Эрүүгийн хуулийн 19.8.1 Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.4.1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, ТЕГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлийн бага хурал хийж, "Нэр бүхий иргэд экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэж, төлөвлөж байсан. Тэдний орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр зэвсэглэн улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт хэрэгсэл, зэвсгийн чанартай эд зүйлийг илрүүлж хураан авсан. Үзлэг нэгжлэгийн явцад 12 буу, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл хураасан. Нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон" гэдгийг онцолсон. Мөн уг хэрэгт холбогдуулан өмгөөлөгч асан Б.Баасанцогтыг саатуулсан. Ингэхдээ түүний нэр дээр бүртгэлтэй галт зэвсгүүд дээрх хүмүүст байсан учраас сэжиглэн шалгах үндэслэл болсон гэдгийг тодотгосон байдаг.