Нийслэлийн прокурорынхон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэргийг “аргална” гэж авлига авсан уу

Нийслэлийн прокурорынхон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэргийг “аргална” гэж авлига авсан уу

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын бусдаас 20 тэрбум төгрөг залилсан хэрэг хэрэгсэхгүй болох гэж байна. 2020 онд бусдыг залилсан үйлдэл нь тогтоогдож, ХУД-ийн шүүхээс ял авч байсан ч хэргийг дахин шалгаж эхэлсэн байдаг. Дахин шалгах явцад Б.Эрдэнэбат нь өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд Хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Цэцэгмааг ажиллуулж эхэлснээр хэрэг замхарч эхэлжээ.

Учир нь Н.Цэцэгмаа нь прокурорын байгууллагад олон жил ажилласнаас гадна хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Э, Нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд болон орлогч Энхжаргал нартай хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ч Нийслэлийн Ерөнхий прокурор болон орлогч нарын зүгээс энэ хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж, 20 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг хаах үүрэг даалгавар өгч байгаа гэх хардлага хохирогч нарт төрж, АТГ-т шалгуулахаар ханджээ.

Хохирогч нарын зүгээс “Хэрэгт Н.Цэцэгмаа гэх хонгилын прокурор байсан өмгөөлөгч орж ирснээр Б.Эрдэнэбат нь өөрийн 20 тэрбумын залилангийн хэргийг хаахаар хууль хяналтын байгууллагын ажилтнуудад, тухайлбал хэргийг хянаж байгаа хяналтын прокурор Э, хамт ажиллаж байсан Нийслэлийн Прокурорын Газрын ерөнхий прокурор Ариунболд, орлогч Энхжаргал нарт Б.Эрдэнэбатаас их хэмжээний мөнгө авлигад өгсөн байж болзошгүй” хэмээн хардаж байгаа гэсэн юм.

Ер нь прокуророор ажиллаж байсан хүн өмгөөлөгчөөр ажиллах нь хэрэгт нөлөөлөх, ял завшуулах, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу хэмээн Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханаас асуумаар байна. Хуулийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс өмгөөлөгч хийснээр авлигад зуучлах, хэрэг замхруулах, ял завшуулах зэрэг асуудал гарах эрсдэлтэй. Тиймээс энэ асуудалд яаралтай анхаарахгүй бол Б.Эрдэнэбат шиг хүмүүс ял завшиж, хохирогчдын хууль хяналтын байгууллагад итгэх итгэл итгэл алдарч байна шүү Ерөнхий прокуророо …

Сануулахад, Б.Эрдэнэбат иргэн Б-гийн 20 тэрбум төгрөгийг 2016 онд дараах байдлаар залилан авсан байдаг. Тодруулбал,

  • “Эрэл” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх, газар, үйлдвэр, орлого, инженерийн шугам сүлжээ зэрэг хөрөнгөнүүдийг барьцаална гэж хууран мэхэлсэн. Гэтэл дээрх бүх хөрөнгөнүүд нь Хөгжлийн банкны барьцаанд байсныг нуусан.
  • БҮК гэх компанийн 20 хувийн хувьцааг эзэмшүүлнэ гэж хуурсан. Бодит байдалд тийм компани улсын бүртгэлт огт бүртгэлгүй болох мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон.
  • Мөн мөнгө залилж авахдаа өөрийгөө “Эрэл” компанийн эзэн, ТУЗ-ийн дарга гэж хуурсан болох нь тогтоогдсон. Гэтэл бодит байдал дээр Эрдэнэбат нь “Эрэл” ХХК-нд 1 ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй, ямар ч албан тушаалгүй, тэр ч бүү хэл “Эрэл” ХХК-нд ТУЗ ч гэж байдаггүй болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.
  • Хохирогч Б-гээс залилсан 20 тэрбум төгрөгийг хувьцаа ашигласан, хүүхдүүд рүүгээ “буян дааж амьдраарай” гэж тэрбум, тэрбумаар шилжүүлсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмээн хохирогчид мэдээлээд байна.

Гол нь 2016 оноос хойш 6 жилийн хугацаанд 20 тэрбум төгрөгөөсөө нэг ч төгрөгийг эргүүлэн төлөөгүй аж. Мөн "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нь Хөгжлийн банкнаас 163 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа төдийгүй Шүүх хурлыг 13 дахь удаагаа хойшлуулаад байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээлсэн. Зээлээ яагаад төлөхгүй байгаа талаар сэтгүүлчид асуухад "Засгийн газар надаас тендергүйгээр байшин захиалах ёстой. Надаас худалдаж авах захиалга өгөхгүй байгаа учир би төлж чадахгүй байна" гэх доог тохуутай тайлбарыг өгдөг.

Зүй нь хэрвээ төр худалдан авалт хийх тохиолдолд тендер зарладаг хуультай. Төрийн болон орон нутгийн бараа худалдан авах, тендерийн хуулиар төр хэн нэгэн этгээдээс бараа худалдаж авах тохиолдолд заавал тендер зарладаг. Түүнчлэн Б.Эрдэнэбат нь "Хаан, Хас" банкнаас 200 тэрбум төгрөгийн зээл аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа гэх мэдээлэл бий. Улсад нийт 300 гаруй тэрбум төгрөгийн зээл авад төлж чадаагүй учир этгээдтэй төр хариуцлага тооцож, татвар төлөгчдийн мөнгийг буцаан авч чадахгүй байна. Б.Эрдэнэбат нь миний ард сайд, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг хэмээн томорч, төрийн хамгаалалтад орсон хэмээн хохирогчид нь хэлж байгаа юм.

Эх сурвалж: UBN.mn