Мьянмарын “КК парк”-д хүний наймааны хохирогч болоод буй Монгол иргэдийг авах гэтэл их хэмжээний мөнгө нэхсэн "хүндрэл" гарчээ

Мьянмарын “КК парк”-д хүний наймааны хохирогч болоод буй Монгол иргэдийг авах гэтэл их хэмжээний мөнгө нэхсэн "хүндрэл" гарчээ

Манай улсын тодорхой тооны иргэд Мьянмар улсын цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдааг зохион байгуулдаг "КК парк" гэх газарт хохирогч болсон тухай мэдээлэл өнгөрөгч Баасан гараг /2022.09.30/-т гарч улмаар Тагнуулын Ерөнхий газраас дээрх хохирогчдыг эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа тухай мэдээлсэн билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

“КК парк”-ын дотор болон гадна тал

-ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХЭЖ БАЙГАА ТУЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ТАТАН АВАХАД ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Тодруулбал, Мьянмар улсын "КК парк" гэх газар нь англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан зарыг цахим орчинд нийтэлж, иргэдийг хууран мэхэлж өөрийн улсдаа авчирдаг байна. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулж, улмаар хүч хэрэглэн, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг ажээ.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус паркт хүний наймааны золиос болоод буй иргэдийг эх оронд нь авч ирэхэд хүндрэл гарч байж болзошгүй байгаа аж.

Учир нь "КК парк" нь зэвсэгт босогчдын бүлэглэл бөгөөд хэлэлцээр хийх боломжгүй, тэд маш их хэмжээний мөнгийг манай талаас нэхэж байгаа тул Монгол Улсын иргэдийг татан авахад хүндрэл гарч байж болзошгүй байгаа ажээ.

“КК парк”-ын барилга

-ХҮНИЙ ЭД ЭРХТНИЙГ ХУДАЛДДАГ ГЭДГЭЭР НЬ "ДЭЛХИЙН ТАМ" ГЭЖ НЭРЛЭДЭГ БАЙНА-

Иймд бид Мьянмарын "КК парк"-ын талаар олон улсын хэвлэлд гарсан мэдээллийг цуглуулж үзсэн юм. Тодруулбал, тус парк нь тодорхойгүй олон тооны гишүүнтэй, зэвсэглэсэн бүлэглэл бөгөөд хүн худалдаалах гэмт хэрэг төдийгүй бэлгийн мөлжлөг явуулдаг байна. Цаашлаад хүний эд эрхтнийг худалддаг гэдгээрээ олон улсад муу нэртэй газар бөгөөд "Дэлхийн там" гэж нэрийдэх болсон байна. Мөн "КК парк"-т баригдсан хүмүүс нь өдөр бүр залилан хийж амьжиргааны зардлаа олохын тулд гар утасны сүлжээг хязгаарлагдмал хэмжээгээр ашиглаж, хүн луйвардах, хүний наймааны золиос болгох ажлыг хийдэг байна.

Тус хуаранд голчлон хятадууд, тайвань, малайз, хонг конгын иргэд байдаг тухай “КК парк”-д барьцаалагдаад байсан Хятадын нэгэн иргэн мэдээлж байжээ. 

“КК парк”-д байрлах хохирогч эрэгтэй

Тэрбээр ярихдаа “Тэр газар бүхэлдээ зэвсэглэсэн цэргүүдээр хамгаалагдсан байдаг. Оргох гэж оролдсон хүмүүсийг буудаж алж байхыг харсан. Цус харах нь энгийн үзэгдэл. Тэнд хоригдож байгаа хүмүүс хүн залилж чадахгүй бол эрхтнийг нь авна. Хүчирхийлж, бусдад 30-40 мянган ам.долларт худалддаг" гэжээ.

Тэгвэл саяхан БНХАУ-ын элчин сайдын яам иргэдээ аврахын тулд Мьянмарын талтай хамтран ажиллагаа явуулсан ч барьцаалагдсан зарим иргэдээ олоогүй гэж мэдэгдэж байжээ. Улмаар Дэлхийн залилангийн эсрэг байгууллага (GASO) хохирогч иргэдийг бүгдийг нь аварч чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин НҮБ тус иргэдийг аврахаар цэрэг бэлтгэж байгаа гэх албан бус мэдээлэл олон улсын хэвлэлүүд гарчээ.

"KK парк”-ын толгойлогчдын нэг Ше Жижиан

-КК ПАРКЫН ТОЛГОЙЛОГЧДЫН НЭГИЙГ ИНТЕРПОЛООС ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН ХЭМЭЭН ЗАРЛАЖЭЭ-

Түүнчлэн өнгөрөгч наймдугаар сарын 13 /2022.08.13/-ны өдөр "KK парк"-ын толгойлогчдын нэг гэх Камбожийн хятад иргэн Ше Жижианг Тайландын Бангкок хотод хууль бус мөрийтэй тоглоом, хүний наймааны хэрэгт буруутган баривчилсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Түүнийг мөрдөх явцад тэрээр, "ТАНГ Крианг Кай" нэрээр Камбожийн паспортоор бүртгүүлж, Хонг Конгт "Ятай Интернэшнл Холдинг Групп Лимитед" компанийг нээж Мьянмар, Тайландын хил дээр ухаалаг санхүү, аялал жуулчлал, тоглоом болон бусад бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн тодорхойлолттой ч, үнэндээ Ази номхон далайн олон улсын байгууллагад бүртгэлтэй хаяг нь Вонг Тай Син дахь гарааш байжээ.

Шэ Жижяньд Интерполоос 2021 оны тавдугаар сард "улаан мэдэгдэл" гаргаж онц хүнд гэмт хэрэгтний жагсаалд оруулсан бол БНХАУ түүнийг 10 жилийн турш эрэн сурвалжилж байжээ. Мөн дэлхийн тагнуулын байгууллагууд болон аман эх сурвалжуудын мэдээллээр Ше Жижян Мьянмар улсаас гадна Тайбэйд хувийн армитай бөгөөд хөрөнгө оруулалтын тоглоом, луйврын компаниудтай ажээ.